Урлая Гэвэл Тамгаар Урла!

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/03

Хэрэв та урлалыг хүн өөрөө л бүгдийг нь бичээд, зураад байна гэж бодвол эндүүрэл шүү. Техник технологийн ачаар зураг зурахдаа тийм ч сайн биш над шиг хүн ч маш сайхан бүтээл урлах боломжтой болжээ. Яаж гэвэл, мэдээж ТАМГА.

 

Урлалын тамга нь өнгөгүй, уян хатан материалтай ба олон янзын үг, дүрс зурагтай байдаг. Мэдээж үүнээс өөр урлалын тамга байдаг ч би танд хамгийн сүүлд гарсан clear stamps-н талаар танилцуулъя.

Тамгыг Хэрхэн ашиглах вэ?

Үүнийг ашиглах маш энгийн. Тамгаа юун түрүүнд уутнаас нь гаргана. Тамга ихэвчлэн 2 слайдан цаасны дунд байдаг тул салгахдаа тамгаа доош харуулан, тамганы нэг үзүүр дээр хуруугаараа дарж, слайдан цаасыг дээш нь татаж салгаарай. Ингэснээр та тамгаа урж гэмтээхээс хамгаалах юм.

Дараа нь шилэн блокон дээр наалдуулна. Тамга маань бага зэрэг наалдамхай байдаг тул шилэн блокон дээр шууд наалдана. Шилэн блокны хувьд том жижиг, шугамтай, порлонтой гээд хэд хэдэн төрөл байдаг ба нэвт харагддаг тул тамгалахад маш хялбар байдаг. Үүнээс гадна та CD-ний хайрцаг, шугамыг ч оронд нь орлуулах боломжтой.

Наалдуулсны дараа та тамганы өнгөө сонгож, тамган дээрээ тэгшхэн, нэгэн жигд товшиж түрхэнэ. Би энд тамган дээрээ гэж хэлснийг та анхаараарай. Оффисын ихэнх тамгыг тамганы тосон дээр түрхдэг бол та урлалын ТАМГАН ДЭЭР тамганы өнгөө түрхэх хэрэгтэй шүү. Том хэмжээтэй тамган дээр тамгалахдаа ч мөн тамганы өнгөө жигд товшиж түрхэнэ.

Ингээд тамгаа доош нь харуулж, хаана тамгалахаа сайтар харж байгаад тамгалж, дээрээс нь бага зэрэг дарж өгнө. Ингэснээр тамгалсан дүрс зарим газраа бүдгэрсэн биш, нэгэн жигд тод гарах болно.

Тамгалсны дараа тамгаа нойтон салфеткаар цэвэрлэхээ бүү мартаарай. Даруйхан цэвэрлэж арчихгүй бол тамганд тамганы өнгө шингэж болзошгүй шүү. Мөн тамгаа зарим үед fairy-тэй усаар угааж болох ба ингэхдээ тамгаа хавтгайгаар нь байрлуулж, хөөсрүүлж зөөлөн үрдэж өгөхөд л хангалттай. Угаагаад хуурай даавуу эсвэл салфеткан дээр тавиарай.

Ингээд тамгалсан дүрсээ та өнгийн харандаа, маркер, усан будаг гээд олон янзын зүйлээр хүсснээрээ будах боломжтой шүү. Би хувьдаа Spectrum Noir спиртэн суурьтай маркераар будах их дуртай.

Хадгалалт:

Урлалын тамгыг хуурай орчинд, нарны тусгалаас хол газар хадгална. Мөн уутандаа ирсэн слайдан цаасны хооронд байлгах хэрэгтэй. Үгүй бол тамга тоос шороотой болно шүү.

Будгаар Тамгалах:

Тамганы өнгөө зөв сонгохоос хамаарч та тамгыг зөвхөн цаас гэлтгүй, мод, шил, төмөр гэх мэт олон төрлийн гадаргуун дээр ашиглах боломжтой. Усан суурьтай, пигментэн суурьтай гээд хэд хэдэн төрлийн тамганы өнгө байдаг. Энэ талаар бид удахгүй өөр нэгэн нийтлэл бичиж хүргэнэ. Харин одоо би танд тамганы өнгөнөөс гадна акрилан, даавууны гэх мэт урлалын будаг ашиглан хэрхэн тамгалж болохыг харуулъя.

Эхлээд, будгаа слайдан цаасан дээр багахан шахаж гаргана.

Дараа нь үүнийгээ бийрээр нимгэн тараана. Тамганы хэмжээг бодолцон будгаа түрхэж тараагаарай.

Би энд урлалын акрилан будаг хэрэглэсэн болохоор будаг маш хурдан хатаж эхэлсэн. Тийм болохоор та будгаа хатахаас нь өмнө, даруй тамгаа дээр нь дарж, будгаа түрхээрэй.

Үүний дараа мөн л хурдан хөдөлж, хүссэн гадаргуун дээрээ тамгалаарай.

Ингээд дүрс маань тамгалагдлаа.

Би урлалдаа тамга хэрэглэх их дуртай. Зураг зурахдаа тааруу болоод ч тэрүү тамгалаад л үүнийгээ урлалдаа ашиглана гэдэг миний хувьд зүүд мөрөөдөл биелж байгаатай л адил санагддаг. Ингээд энэхүү нийтлэлээс таныг урлалын тамганы талаар багахан ч гэсэн ойлголттой болсон гэж найдаж байна. Гэхдээ энэ нийтлэл зөвхөн эхлэл гэдгийг та бүү мартаарай. Үүнээс гадна таны төсөөлж ч байгаагүй тамга ашиглах маш олон техник байгаа болохоор тэр бүгдийг бичиж нийтлэлээ дуусашгүй болгохоос өмнө ингээд зогсъё. Хэрэв танд асуулт байвал доор сэтгэгдэл бичиж үлдээгээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд