Үзэсгэлэнт Цэцэгс

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/06/26

Өнгө алагласан үзэсгэлэнт цэцэгсийг хараад дуу алдахгүй хүн байхгүй байх аа. Тэгвэл хэрхэн туузан цаасаар хэний ч нүдийг баясгаж чадах цэцэгсийг урлах вэ? Хуйлмал урлал хийгээд суухад цаг хугацаа маш хурдан өнгөрч хийсэн урласнаа харахад сэтгэл сэргэмээр тийм л сайхан урлал билээ.

Урласан цэцэгсүүдээ илүү 3D хэмжээст болгох гэж хичээлээ. Энэ бүгдийг урлахад зөв багажийг ашиглах нь зайлшгүй чухал юм байна лээ шүү. Цэцэг тус бүрийг хийх аргачлалыг та нартаа зааж өгмөөр байгаа ч товчхон зарим хэсгийг л оруулъя.

Бүх цэцэгүүд маань бүгд өөр хийх аргачлалтай. Нэгэн жигд үзэмжтэй цэцэг хийхийн тулд хэмжээстэй багаж хамгийн чухал.

Шар, ягаан цэцэг:

Хүрээ хийгч багаж маань жижгээс томруугаа нэгэн жигд хэв үүсгэх боломжийг өгдөг учраас хамгийн том хэвээр нь ягаан гурвалжин 5, дундын хэвээр шар гурвалжин 5-ыг тус тус хийлээ. Доторх хэвүүд нь ягаан шар өнгийн хослол ашигласан учраас уг цэцэг маань илүү үзэмжтэй болж өглөө.

Зураг дээр үзүүлсэн шиг ягаан, шар цаасыг өөд өөдөөс нь хуйлснаар зүрхэн хээ үүсгэлээ. 5 см урттай нийт 6 цаас ашигласан шүү.

Цэцгээ наахдаа өтгөн цавуу (super thick) ашиглавал 3D хэлбэртэй наахад амар байх болно. Миний хувьд жижиг саванд хийж цэцгээ хэлбэржүүллээ.

Ойм:

Ойм хийхэд танд см-ийн хуваарьтай шугам хэрэгтэй. Paplin цааснууд 50см урттай байдаг бөгөөд хар ногоон өнгийн цаасыг зурагт үзүүлсний дагуу нугалаарай.

Нугалсан цаасныхаа 2 үзүүрт маш бага хэмжээний цавуу түрхэж наалдуулаарай. Энэ навчин хэвнээс 5, 6 ширхэгийг ашиглаж нэг ойм болгоно.

Өөр нэгэн ойм маань 3 өөр өнгө орсон бөгөөд 15см урттай 8 цаасны үзүүрийг наалаа. Нөгөө талын үзүүрүүдийг 0,5 см багасгаж хайчилснаар өөр урттай болсон цааснууд маань хуйлах үед таны хүссэн угалзарсан хэвийг үүсгэх юм.

Жижиг цэцгүүд:

Цаас хуйлагч багажаар хэд хэдэн жижиг цэцгүүдийг амжилттай урлалаа. 3 дэлбээтэй үзмэн ягаан цэцэг, 4 дэлбээтэй цагаан ногоон цэцэг, шар жимснүүд гээд олон хөөрхөн цэцгүүд маань хуйлагч багажаар жигд ороосон дугариг хэвүүдийг ашигласан шүү.

Дугариг үзмэн ягаан хуйлсан хэвүүдээ хуйлмалын төвийлгөгч багажны жижиг төвгөрт тохируулаад хурууныхаа өндөгөөр бага зэрэг даралт өгч төмбийлгөнө. Зураг дээр үзүүлсэн шиг дугариг хуйлсан цаасаа хуйлагч багажны эх биеээр жигд дарж тэгшилсэнээр таны төвийлгөх хэв тань илүү жигд хэвтэй болоход нэмэртэй. Энэ аргачлалыг шар жимсүүд болон 4 дэлбээтэй цайвар ногоон цэцгэнд ч адилхан ашиглана шүү.

Цэцгүүдээ хэлбэрт оруулахдаа үзмэн ягаан цэцгийн нэг үзүүрийг эрхий, долоовор хуруугаараа чимхэж өгч хэлбэржүүлсэн бол цайвар ногоон цэцгийн 2 үзүүрийг нэг жигд чимхэж хэвэнд оруулна.

Ягаан болон цагаан цэцгүүд:

Энэ цэцгийг маш энгийн аргачлалаар хийлээ. См-ийн хуваарьтай шугам маань хуйлмал урлалын зориулалттай тул төрөл бүрийн тойргийг хэмжих багаж ч болгон ашиглаж болох юм. Ягаан цаасыг хуйлагч багажаараа хуйлаад шугамныхаа хамгийн том тойрогт хийгээрэй. Хуйлсан цаас маань тойргийн хэмжээнд задарч өгнө. Хямсаагаар үзүүрийг нь чимхэж аваад маш бага хэмжээний цавуу түрхэж тогтоогоорой. Энэ удаа танд хямсаа маш их хэрэг болно. Цэцгийнхээ доторх тойргуудыг нэг жигд хямсаагаараа чимхээд хэлбэрт оруулснаар таны цэцгийн дэлбээ олон тойрогтой дусал мэт болно.

Танд 6 ширхэг том тойрог дэлбээ, 5 ширхэг үл ялиг жижиг дэлбээ хэрэгтэй. 3D хэлбэрт оруулж наахын тулд хуйлмал төвийлгөгч багажныхаа дотор хэсгийг ашиглалаа. Мэдээж Super thick цавуугаа мөн энэ удаа ашиглах хэрэгтэй.

Хамгийн чухал зүйл бол ямар өнгийн суурь цаас ямар жааз сонгох нь мөн цэцгүүдээ илүү үзэмжтэй харагдуулахын тулд багагүй цаг шаардагдана шүү. Яарч наах хэрэг ердөө байхгүй. Өнөөдрийн зохиомж маань маргааш нь тэс өөр харагддаг. Ялангуяа бүх цэцгүүд бүгд нэг цогц зүйлийг илэрхийлэхийн тулд яг өөрт тохирсон газраа л байх ёстой.  Магадгүй та цэцгээ өөр зохиомжинд оруулж зургийн жааз, ханын цаг эсвэл сэтгэлийн үгээ бичсэн дурсгалын бүтээл ч болгож болно шүү дээ. Миний хүсэл бол цэцгүүдийн маань хээ угалз юунаас илүү бусдад гайхшралыг төрүүлээсэй гэж бодсон тул дан цэцгийн зохиомж болгон жаазаллаа.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд