Зураг Зурах нь Миний Баяр Хөөр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/30

Зарим хүмүүс заавал тэмдэглэлт үйл явдал тохиолдохоор баярлах юм шиг боддог. Харин миний хувьд өчүүхэн зүйлээс ч баяр хөөрийг мэдэрч болно гэж бодож байна. Хаврын шувуудын жиргээн, намрын шар навч, бяцхан хүүхдийн цангинах инээд, хэн нэгний хүндэтгэсэн сайхан харьцаа, зуны бороо ганц нэгээр зөөлөн хаялах нь ч тэр өдрийг баяр хөөрөөр чимж болдог шүү дээ. Сэтгэлдээ таарсан урлал хийх ч бас үүний тоонд ордог.

Энэ удаад би манай ажилтан Нараагийн эхлүүлсэн ‘Баяр хөөр’ сэдэвт тойрон дамжуулах дэвтэрт өөрийнхөө юунаас баяр хөөр авдгийг буулгах хэрэгтэй боллоо. Миний баяр хөөр бол Урлал. Харин юу урлах вэ гэж бодож байгаад зураг зурж үзэхээр шийдлээ. Энэ нь миний анхны удаагийнх болохоор нэг их сайн болоогүй ч гэсэн маш их баяр хөөрийг мэдэрч байсан гэдэгт та итгээрэй.

Ингээд та нартаа хэрхэн зурснаа тайлбарлая.

Цаасаа бэлдэнэ.

Орой нар жаргаж байгааг зурах гэж байгаа тул өргөн бийрээр гол руугаа цайвар зах руугаа бараан байхаар өнгөө уусгаж будна. Мөн хаана мод зурахаа тоймлон харандаагаар зурна.

Эхлээд үүл болон нарыг зурна. Ингэхдээ бараанаар эхлээд цайвараа нэмж түрхэнэ. Дараа нь модоо нарийн бийрээр зурна. Өргөн бийрэнд бор акрилан будгаа шингээгээд шууд эгц дарж арзайлган навчны массыг гаргана. Яг тийм аргаараа бутыг хийнэ. Ингэхдээ наана нь нуур байх учраас тэгш хэмтэй хийхийг бодоорой. Ингээд хамгийн сүүлд бутнуудын дундуур нарийн бийрээр хөндлөн цагаан зураас гаргаж будахад нуур нь сайхан ялгарч өгнө. Мандал дээгүүр ганц нэг хөндлөн зураас гарган тодосгоорой.

Бичих зүйлээ цагаан Gel pen-ээр бичиж нэг үзүүрт нь гарын үсгээ ч зурж болох юм.

Анхны бүтээл тул алдаа ихтэй болсон ч ахин дахин зурах юм бол дээрдэнэ гэж бодож байна. Та ч гэсэн хичээгээд зураад үзээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд