Аяган Дээрх Урлал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/10

Өмнөх урлалаараа Зэнтангл хэмээх урлалд татагдаж 3 төрлийн карт хийсэн бол энэ удаа шилний маркер (DecoArt glass paint marker)-аар хоёр аяган дээр зэнтангл зурж үзлээ.  Хаана ч байхгүй өвөрмөц зурагтай аягандаа халуун цай, кофегоо уугаад, өөрөө зурсан гэж хэлэх тэр мөчид бусад хүмүүсийн итгэж ядсан тэр харц, уулга алдах дуу…. Өөрөөрөө бахархах тэр сайхан мэдрэмж…

Тэгэхээр та ч гэсэн өөрийн өвөрмөц гоё аягатай болоход доорх зүйлс байхад болно.

  • Цулгуй аяга
  • Шилний маркер (DecoArt glass paint marker)
  • Цаасан скоч
  • Уян шугам (хэрэглэхгүй байсан ч болно)

Аяганы гадна тал цэвэрхэн байх хэрэгтэй бөгөөд зурахаасаа өмнө маркераа сайтар сэгсрээрэй. Зурж байх явцад алдаа гарах эвсэл зурсан зураг таалагдахгүй бол санаа бүү зовоорой, угаагаад арилгаж болно.

Миний хувьд эхний аяган дээр уулан хээ, өлзий хээг зурсан. Анхандаа шугам хэрэглэлгүй шууд нүдэн баримжаагаар зурахад муруй болж байсан учир  уян шугам, цаасан скоч ашиглан шулуун зураас татахад илүү сайхан болсон.

Зөвлөмж: Тэгшхэн зураас татахдаа цаасан скоч хэрэглээрэй.

Харин 2 дах аяган дээрх зохиомж маань “Хайр” гэсэн нэртэй. Цэцгийг арчлан тордох тусам сайхан ургаж бидний нүд баясдагтай адил сайхан хайрыг мэдэрсэн зүрх өөрийн эрхгүй хөглөгдөж, түүнээс эгшиглэх аялгуу нь бидний сэтгэлийн гүн дэх цэцэгсийг тордон ургуулдаг гэсэн зохиомжоор хайрыг өөрийн үзэл бодлоор илэрхийлэхийг хүслээ.

Санамж: Аяган дээрх урлалааа угаагаад ч арилгахааргүй болгохыг хүсвэл эхлээд зурсан зүйлээ агаарт 8 цаг хатаах хэрэгтэй. Дараа нь урьдчилан халаагаагүй шарах шүүгээнд 190 градуст 40 минут шарж дуусаад шарах шүүгээнийхээ хаалгыг онгойлгон аягаа хөргөсний дараа аваарай.

Таны урлалд амжилт хүсье!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал