Бяцхан шургуулга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/06/29

Та ээмэг бөгжөө эсвэл нүүрний будгаа хадгалах шургуулгатай болмоор байна уу? Тэгвэл дараах аргаар хийгээд үзээрэй. Энд би саарал өнгийн хатуу шахмал цаас болон жирийн картон цаасаар 2 өөр шургуулга хийсэн байгаа.

Анхаарах зүйл: Хатуу шахмал цаас нь ширхэгтэй байдаг бөгөөд давхарлан наахдаа ширхэгийг нь зөрүүлэн наавал илүү бат бөх болдог.

 Хатуу шахмал цаасаар  хийх дараалал:

Юуны өмнө эх биеээ бэлдэнэ. Ингэхдээ нэг ар тал, түүнтэй адил өндөртэй 2 ширхэг хажуу тал, ёроол болон таг бэлдэнэ.

Дээрх талуудыг 3 дахин давхарлана гэж үзээд тус бүрээс 3 ширхэгийг бэлдэж хооронд нь давхарлан наана.

Талуудыг хатсаны дараа хайрцаг болгон наана. Мөн дунд нь тасалгаа гарган тавиур хийнэ.

Эх бие хийсэн аргаар 2 татуурга хийнэ.

Бэлэн болсон шургуулгыг цагаан акрилан будгаар будна.

Одоо татуурганы нүүрэн тал дээр Версамарк-р тамгалаад өнгөгүй товойлгогч нунтагаар бүрнэ. Бүрсэн нунтгаа халуунаар төөнөгчөөр хайлуулна.

Үүн дээрээ акрилан будгийг порлоноор түрхэж бүрэн хатахаас нь өмнө арчихад тамган дээрх хэсгийн будаг арилж маш гоё эффект үүсдэг.

Maya Gold будгийн мөнгөлөг өнгөөр товойлгосон цагаан цэцгийн голыг тодосгож өгнө.

 Жирийн картон цаасаар хийх дараалал

Талуудыг 2 давхар байхаар бодож хийнэ.

Хоёр тавиур хийж хатуу цаасаар хүрээ хийнэ.

Гурван татуурга хийнэ

Бүтээлээ бүрэх 2 өөр хээтэй ягаан цаас сонгоно

Татуургыг цагаан өнгөөр будаж том хээтэй ягаан цаасаар бүрнэ.

Эх биеийг жижиг хээтэй ягаан цаасаар бүрнэ

Декупажны мидиумаар хамгаалах гадаргуу үүсгэж лакдана.

Энэ бүгдийн дараа хөл болон бариул хийхэд бүтээл чинь төгс болох болно. хөлний хувьд зузаан картон цаасаар хийсэн ба урлалын эсгийгээр зөөлөвч хийлээ.

Харин саарал өнгийн зузаан цаасаар бариул хийж ягаан шүүгээнийхийг цаасаар бүрсэн бол цэнхэр шургуулгынхыг мөнгөлөг өнгийн товойлгодог нунтагаар 3 дахин бүрж өөгүй сайхан харагдахаар болголоо.

Саарал өнгийн шахмал цаасаар шүүгээ хийхэд их амархан бөгөөд яг зүсэхийг хүссэн газраар зүсч байсан. Харин энгийн картон цаасаар хийхэд голын нүхнүүд ил гарч заавал ирмэгт нь өөр цаас наах шаардлага үүсдэг ба арай болхи хийцтэй болдог. Гэвч урлаач хүн урлах тусам туршлагажиж сайхан хийдэг болохоор битгий шантраарай.

Танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд