Чихээ Чимэх Бас Нэг Бүтээл

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/11

Ээмэг зүүлт, бугуйвч, кулон, гинж, бөгж… Энэ бүгд миний дуртай зүйлсийн нэг билээ. Бүсгүй танд ч гэсэн энэ бүгд төрөл төрлөөрөө таны шургуулганд  байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл өөрийн гараар хийсэн чимэглэлээ хайрцгандаа нэмбэл ямар вэ?

Миний зүгээс би унждаг ээмэг их зүүдэг, бас дуртай. Гэвч зарим тохиолдолд албаны хувцсан дээр зүүх энгийн шигтгэдэг ээмэг хэрэг болдог юм. Тэгвэл энэ удаа би цаасаар шигтгэдэг ээмэг хийх гэж оролдов.

Манайд хуйлмалын цаас 1,5мм, 3мм, 6мм гэсэн өргөнтэй байдаг. Тэрнээс би 1,5мм цаасаар 4ш жижиг дугараг ороосон. Тэгээд хооронд нь холбож наагаад голд нь хар шигтгээ нааж өгсөн. Үүн дээр ультра-матт бэхжүүлэгч лакаар хамгаалж түрхэхэд үнэхээр үзэмжтэй болсон шүү. Мэдээж сүүлд нь үүнийгээ төмөр хатгуур дээр Ultimate цавуугаар нэгтгэсэн.

3 мм-н цаасаар 3 цагаан өнгийн дугараг ороогоод зуйван хэлбэртэй болгож хооронд нь наасан. Тэгвэл цагаан өнгийн цаасаа яагаад будаж болохгүй гэж? Боронзон ногоон өнгийн акрилан будгаар дээрээс нь будахад дажгүй болсон шүү. Ингээд дээр нь шар өнгийн шингэн сувд нэмээд өгөхөд үнэхээр гоё харагдах юм.

Бас өөр аргаар ороож үзэцгээе. Нэг өнгийн цаасаар бус харин 2 өнгийг ээлжлэн нааж байгаад ороогоод үзвэл ямар вэ? Өнгийн хослол гаргаад ороогоод авахад маш донжтой харагдах юм. Тэрийгээ саатай декупажны мидиумаар лакдаад харахад нэг л дутуу санагдав. Тэгвэл Stickles саатай цавуугаар голд нь шигтгээ мэт нэмж өгөхөд бүтээл маань яг бүрэн гүйцэд дууссан юм.

Ингээд цаасаа ороож эхэлсэн бол зогсохгүй маш олон ээмэг өөртөө хийгээд авахаар байна лээ шүү. Ээмэгний хайрцаг маань тод өнгөтэй дэлхийд ганц өөрийн гэсэн загвартай шигтгэдэг ээмгүүдээр дүүрлээ. Би Оза эгчийнхээ ээмэг хийсэн уйгагүй зангаас бага ч гэсэн суралцаж бүтээл хийж авсандаа баяртай байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд