Далайн Эрэг Дээрхи Дурсамж

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/06

Бид амралтаа аваад л нэг сайхан хөдөө эсвэл дулаан орныг зорьдог шүү дээ. Өч төчнөөн гэрэл зургаа татуулж хүссэнээрээ сайхан зугаацдаг биздээ. Тэдгээр олон дурсамжит зургандаа зориулан өөрийн содон жаазыг урлах санааг та бүхэнд хүргэж байна.

Би өөрөө далай, далайн амьтдад дуртай болохоор далайн эргийн уур амьсгалыг жаазандаа шингээхийг зорьсон юм. Хамгийн түрүүнд л далайн хясаа, далайн од санаанд бууж шууд л бэлэн дэлгүүрт зарагддаг хясаа авна гэж бодож байлаа. Гэтэл би үүнээс ч илүү бүтээлчээр хандая гэж зориг шулуудан хуйлмалаар далайн хясаа, од, хавч зэргийг хийлээ.

Хамгийн эхлээд би жаазныхаа хүрээг будаж бэлдсэн юм. Chalky Finish шохойлог будгийг сонгосон минь миний хийх бүтээлийг Vintage буюу эртний мэт өнгө төрхийг бий болгоход тусалсан. 2 өөр өнгийг ашиглан будсан нь эхний давхаргаа цайвар шаргал өнгөөр суурь будаад хатсны дараа нь хөнгөхөн зүлгүүрдэж дараагийн өнгө болох гүн цэнхэр өнгөөр будсан. Будгаа бүрэн хатсаны дараа зүлгүүрээр хэсэг хэсэг газруудаар зүлгүүрдснээр будаг нь хууларч бүр л эртний эдлэл шиг харагдуулж байгаа юм.

Одоо харин жаазныхаа арын фон болох модон хавтангаа жаазны хэмжээнд нь тааруулж зүсэж зүлгүүрдэж бэлдэнэ. Үүний дараа Crackle paste буюу хагардаг зуурмагийг өтгөн нимгэн гээд л донжийг нь тааруулж түрхэнэ.

Энэхүү зуурмаг нь Vintage стиллийг сонирхож урладаг хүн бүрийн ширээн дээр зайлшгүй байх ёстой зүйлсийн нэг гэж бодож байна. Хэрэглэхэд хялбар энэхүү зуурмагийг та бүтээл дээрээ зүгээр л хавтгай зүйлээр хутган авч донжийг нь тааруулан түрхэхэд л хатахдаа өөрөө хагардаг нь үнэхээр гайхалтай. Та зуурмагаа хэр зэргийн зузаан нимгэн түрхэхээс хамаарч хагарал нь том эсвэл жижиг хагардаг билээ. Миний хувьд нимгэн зузаан гээл янз бүрээр түрхсэн учир ингэж ялгаатай хагарсан билээ.

Үүнийхээ дараа Texture Sand Paste буюу элсэн зуурмагийг хавтангийнхаа доод хэсгээр түрхэж, далайн эрэг дээрхи элсэн зураглал гаргах гэж хичээлээ. Дээрхи хагардаг зуурмагтай ижил байдлаар түрхэж хэрэглэнэ. Хатахдаа мөн л таньд бодит мэдрэмжийг төрүүлэх юм.

Хуйлмалдаа!

Хуйлмалын цаасаар далайн амьтдыг хүртэл урлаж болдог юм шүү гэсэн санааг өгөх гэж зориг шулуудсан минь талаар болсонгүй шүү.

Хясаагаа би том жижиг 2 хэмжээтэй хийсэн. Үүнийхээ дараа би Distress ink тамганы өнгөөр будсан.

Харин хавчаа эрэгтэй эмэгтэй хос 2-ыг хийсэн.

Далайн одгүйгээр далайн эргийг төсөөлж болохгүй шүү дээ. Тийм ч учраас би энэхүү 2 одоо мартсангүй мөн л хуйлчихлаа.

Зургаа сонгоод хэвлэе

Жаазны хэмжээ маань жижиг учраас би ч зургаа жижиг болгон янзалж хэвлэсэн. Тайландаар аялаад ирсэн Оогийгийн зургаар би жаазаа чимлээ. Зургаа сонгохдоо мэдээж та далайн эрэг дээрхи дурсамжит зураг, халуун орны байгалийн үзэсгэлэнг илтгэсэн зургуудийг сонгох нь илүү зохимжтой байгаа биз?

Бүгд байр байрандаа

Одоо ингээд бэлэн болсон жаазны хүрээгээ арын фонтой нийлүүлэн тогтоогоод хуйлсан зүйлсээ мөн байрлуулж наана.

Эцэст нь жижиг модон хавчаар олс 2-оо жаазандаа байрлуулж, зургаа тогтоогоод л таны цор ганц жааз бэлэн боллоо.

Та ч мөн дурсамжаа мөнхөлөөрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд