Дэгжин

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/03/25

Дахин нэг удаа шивүүрийн хавтан ашиглан хийсэн бүтээлээ танилцуулая.

Пергамэнтан урлалын сэтгүүл үзэж байгаад маш гоёмсог мэндчилгээний карт хараад өөрийн эрхгүй би ийм карт хиймээр байна гэж уулга алдсан юм. Мэдээж зохиогчийн эрхийг зөрчилгүйгээр бас өөрт таалагдсанаар өөрчилж хийсэн. Энэхүү картны санааг August 2006 Parchment Craft сэтгүүлийн Tina Cox-ийн бүтээлээс сэдэвлэв.

Миний урласан карт сэтгүүлээс харсан картнаас илүү гоё болсон юм шиг надад өөрт таалагдаж байгаа.

Грид буюу шивүүрийн хавтанг хэрхэн ашиглахыг Жүли надад зааж өгсөн юм. Өмнө нь энэ хавтанг зүгээр л нэг олон нүхтэй сараалжин төмөр хавтан байна даа гэж хардаг байсан бол одоо миний хамгийн дуртай багажнуудын нэг бөгөөд хичнээн хэрэгцээтэй болохыг шинэ зүйл хийх тусмаа мэдэрч байна.

  • Пергамэнтан цаас
  • Хатуу ягаан цаас
  • Hammer хатуу цагаан цаас
  • Зүүн багаж (1 үзүүртэй)
  • Цэцэгний хэвтэй цоологч
  • Өнгийн фломастер
  • Цагаан харандаа
  • Товойлгогч шааригтай багаж
  • Грид буюу шивүүрийн хавтан
  • Порлонон хавтан
  • Перга хайчлагч буюу нарийн үзүүртэй хайч
  • Өнгөгүй хатдаг цавуу (пергамэнт наах зориулалттай бол сайн)
  • Саатай цавуу (цэцэгний голд чимэг хийх)

Мэдээж хамгийн түрүүнд бүдүүвч зургаа цагаан харандаа ашиглан пергамэнтан цаасан дээрээ буулгана.

Шивүүрийн хавтан дээрээ бүдүүвч зургаа сайн тогтоож өгнө. Хөдлөхгүйгээр сайн тогтоож өгөөрэй. Тэгээд 1 зүүтэй багажаар зурагт үзүүлсэний дагуу шивнэ. Бүдүүвч зураг маань /шүхэрний орой/ нарийнаас өргөсөж байгаа учраас шивэхдээ орой хэсэгт нь 1 бус удаа алдаа гаргалаа.

Шүхэрний оройн дэлгэгддэг хэсэг таван тасалгаатай бөгөөд 3 өөр техник ашигласан. Эхний техникт шивэх, товойлгох; дараагийн техникт товойлгох, хайчлах голын хэсэгт дан шивэх техник хэрэглэсэн байна.

Зураг дээрээс та алдааг харж магадгүй. Ихэнх хүмүүс хаана алдаа байгааг олж харахгүй байсан хэдий ч энэ алдаагаа жижиг чимэглэл ашиглаж хэн ч анзаархааргүй болгож болно гэж би өөрийгөө тайвшрууллаа.

Шүхэрний бариул хэсэг дээр шинэ техник ашигласан бөгөөд товойлгосон цагаан бариул дээр зүүн багажаар ойр ойрхон шивж өглөө. Энэ нь бас тусдаа өөр нэгэн техник юм. Шивэх үедээ хатуу зүйл доор нь тавьж шивэх хэрэгтэй.

Хэрвээ та тэмтэрч үзэх юм бол биржгэр гадаргууг мэдрэх болно.

Хүрээний долгиотой хээг өөрийн хүссэнээрээ зураад товойлгогч багажаар жижиг цагаан товгор хээгээр чимэглэж өглөө.

Өнгийн цаасыг үл ялиг томоор ард нааж өгсөнөөр таны карт өнгөлөг харагдана.

Хамгийн сүүлд нь пергамэнтан цаасаа цэцэгний хэвтэй цоологчоор нүхэлж гаргаад түүнийгээ фоны өнгөний адил өнгөөрөө будна. Энэ удаа би Spectrum Noir спиртэн суурьтай пломастераар будав.

Цэцэгний голд саатай цавуу түрхэнэ. Наахад хамаг учир байгаа учраас цавуугаа өнгөгүй цавуу сонгох эсвэл аль нэг чимэглэлийн цаана түрхэж, цавуудсанаа нууж өгөх хэрэгтэй.

Мөн өөрийн гаргасан алдаагаа цэцэгний ард эвтэйхэн нууж чадсан шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд