Тамгаар Тоглоё! – Эрхэмсэг Гүнжийн Нулимс

Урлалын нийтлэгдсэн огноо: 2016/09/27

Тамгаар тоглох нэг сайхан арга бол халуунаар товойлгох арга юм.

Би саяхан Жэнифер Макгуайр гэж дэлхийд алдаршсан карт урлаач эмэгтэйн блогоор зочилж байхдаа, дээрх картыг хийх санааг авсан юм. Та доорх линк дээр дарж, түүний блогоос харах боломжтой. Жэнифер Макгуайрийн блог

Цэцгээ Товойлгоё

Тэгэхээр, энэхүү картыг хэрхэн хийснээ тантай хуваалцъя. Эхлээд би сонгосон Гүнжийн нулимс цэцгийн тамган дээр, өнгөгүй Versamark тамганы өнгө түрхэж тамгалсан.

Халуунаар товойлгох техникт ямар ч хатуу цаас хэрэглэх боломжтой, гэхдээ, товойлгосон дүрсээ би дараа нь будах учраас, үүнд тохирох цагаан өнгийн Neenah цаасыг сонгосон.

Ингээд тамгалсан дүрсэн дээрээ цагаан өнгийн товойлгодог нунтаг түрхэж, үүн дээрээ халуунаар төөнөдөг багажаар үлээлгэснээр, товойлгодог нунтгийг хайлуулж товойлголоо.

Одоо, үүнийгээ будах техник маш сонирхолтой байх болно.

Арын Фоноо будья

Тамгалсан цэцэг болон эргэн тойрны бүх хэсэгт Distress Ink тамганы өнгөнөөс маш сайн түрхэнэ. Би оюу ногоон /Peacock Feathers/ өнгийг сонгосон болохоор цаас тэр чигтэй ногоон өнгөөр будагдах болно. Зөвхөн цэцэгний товойлгосон цагаан зураасууд будагдахгүй үлдэх болно.

Цэцгийнхээ өнгийг өөрчилье

Үүний дараа, Distress Ink тамганы өнгөний усанд маш сайн уусдаг чанарыг ашиглан цэцэг болон навчныхаа өнгийг өөрчилцгөөе. Жижиг саванд багахан ус хийгээд, Perfect Pearls боронзон нунтгаас багахан хийж холино. Дараа нь бийр авч цэцэг болон навчаа эхний ээлжинд усаар норгож өгнө. Усаар норгосон хэсэг бага зэрэг бүдгэрч, боронзлог харагдах болно.

Үүнийгээ хатааж, улаан өнгийн Distress Ink-г шилэн блокон дээр гаргаж, үүн дээрээ маш багахан ус нэмнэ. Ингэснээр Distress Ink усан будаг шиг шингэрэх юм. Ногоон өнгөөр навчаа, улаан өнгөөр цэцгээ будахад өнгүүд хоорондоо уусч маш сайхан харагдах болно.

Картаа дуусгая

Би хар хатуу цаасыг суурь цаас болгон сонгож, үүн дээрээ бүдэг нил ягаан өнгийн цаас наалаа. Мөн 4 өнцөгт нь 4ш кноп хатгалаа.

Сая будаж чимэглэсэн цаасны ард хөөсөн цаас нааж Hammer цагаан цаасан дээр мөн наалаа. Аквандоктай харагдуулах үүднээс, бүдэг ягаан цаас наасан хар цаасан дээр үүнийгээ нааж, суурь цаасны төв хэсэгт нааж картаа дуусгалаа.

Танд халуунаар товойлгох болон, Distress тамганы өнгөөр будах техник таалагдсан байх.

Тамгаар тоглоцгооё!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд