Цаасаар Гантиг Жааз Урлах Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/02/14

Танд өөрийн хайртай хүмүүстээ хэлж сануулах үгээ цаасан дээр бичиж үлдээх хэрэг гардаг уу? Хэрэв тийм бол хаана үлдээдэг вэ? Ихэнх нь хөргөгчин дээр нааж орхих байх. Харин би та бүхэнд арай өөр маягийн зүйл санал болгохыг хүслээ. Өөрөөр хэлбэл гоёмсог жаазанд зөөлөвч хийгээд түүн дээрээ урлалын зүүгээр хэлэх үгээ тогтоож үлдээх юм.

Тэгвэл жаазаа хэрхэн хийх вэ? Жаазыг заавал үнэтэй материалаар хийх албагүй бөгөөд танд хэсэг цаас даавуу будаг байхад л та маш сайхан жааз урлах боломжтой юм. Цөөн хэдэн өнгийн акрилан будаг болон эрчүүд сахлаа хусахдаа хэрэглэдэг сахлын хөөс ашиглан дурын цаасыг гантиг шиг хээтэй болгож түүгээрээ жааз хийх аргыг би танд танилцуулах гэж байна.

 Хийх дараалал:

Сахлын хөөсийг урлалын хавтан дээр жигдхэн түрхээд акрилан будгуудыг энд тэнд нь гоожуулан тавина.

Будагнуудаа шүдний чигчлүүрийн нарийн талаар нь ийш тийш замбараагүй хөдөлгөн холиход гантиг чулууны хээ гарч ирдэг.

Цаасаа хээтэй хөөсөн дээрээ тавиад гараараа хөөсийг цаасны хажуугаар шахагдан гарч иртэл жигдхэн дарж өгнө.

Цаасаа хуулж аваад урлалын хавтан дээр тавина.

Шпателаар хөөсийг хусч авна.

Цаасаа хатаана.

 Жаазаа Хийцгээе!

Зузаан цаас, нимгэн хөөс, хар даавууг 30*30 см харьцаатай хайчилж бэлдээд хооронд нь наана

Зузаан картон цаасыг 5см өргөнтэй зүсээд 30*30см жаазанд хийх холотог болгон бэлдэнэ. Ингэхдээ 2 давхарлаж наавал илүү товгор болно.

Цаасаа гүйцэд хатсан гэж үзвэл 10,5*30,2см харьцаатайгаар 4 ширхэг болгон бэлдэнэ. Boxer буюу хайрцаг хийгч дээр цаасаа тавьж зүүн талаас 1см, 0,8см, 5,2см, 2,5см, 1см тус тус байхаар бодож 4 цаасаа товойлгогч шааригтай багажаар ором гаргаад нугалж бэлдэнэ.

Холотогондоо барьж үзээд холотогны дотоод гадаад 2 үзүүрийг дайрахаар болгон цаасаа хайчилна.

Жаазныхаа 4 талыг холотогондоо наагаад дотор нь хөөсөнцөртэй голын хэсгээ суулгаад жаазаа гүйцээж наана.

Soft Touch лакаар лакдана.

Ингээд таны жааз бэлэн боллоо. Та хайртай хүмүүстээ сануулж хэлэх үгсээ цаасан дээр бичээд урлалын зүүгээр тогтоож үлдээгээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд