Хаана ч байхгүй хаалганы өмнөх хэсгүүдийг хэрхэн чимэглэснийг та бүхэн харсан уу? Эхний хэсгийг “Хаана ч байхгүй хаалга 3” харин 2 дахь хэсгийг “Хаана ч байхгүй хаалга 5”-аас сонирхоорой. Харин өнөөдөр танд толилуулах энэ удаагийн хэсэг маань оросын гжель боллоо. Чимэглэлийн урлалд томоохон байр суурь эзэлдэг энэхүү урлал бол цагаан болон цэнхэр өнгө дагнадаг онцлог бүхий урлал юм. Голдуу шил шаазан эдлэл дээр урладаг боловч зарим тавилга, бүр даавуун дээр ч урласан байдаг. Ингээд хэрхэн хийх талаар тайлбарлан хүргэе.
- Хавтгай болон бөөрөнхий бийр
- Цэнхэр, хөх болон цагаан өнгийн акрилан будаг /Ultramarine, True blue, Snow white/
- Soft touch Акрилан лак
- Порлон
Цагаан будгаар хаалганы тухайн хэсгийг порлон ашиглан будна. Хүрээ хэсгийг хэрээслэн цэнхэр өнгөөр зурна. Дараа нь хүрээнийхээ голын хэсгийг үлдээгээд бусад хэсгийг нь будна.
Цэцэг хийхдээ эхлээд хамгийн оройн хэсгийн 2 дэлбээг зурна. Дараа нь 2 талруу нь ёроолдоо нийлэх урт хэсгийг хийж өгөөрэй. Эхэлж хийсэн 2 дэлбээний өмнө бас нэгэн дэлбээ хийнэ.
Зургандаа чимэг болгох үүднээс хонхон цэцэг зурцгаая. Өргөн бийрээр цэнхэр будаг авч доошоо хойшоо дээшээ гэсэн дарааллаар татна. Цэцгэндээ дохиур хийхийн тулд бийрний араар цэг тавьж өгнө. Ингэхдээ эхлээд хамгийн алсын цэгийг тавьж будгандаа дахин дүрэхгүйгээр дуустал нь цэцгийн гол хүртэл цэглэнэ.
Өргөн бийрээр 5 дэлбээтэй цэцэг хийгээд мөн л цэгээр гоёорой. Ингэхдээ цэцгэндээ ойроос эхэлж цэглэж алслах тусам цэг жижиг болно.
Туслах маягаар нилээд хэдэн энгийн цэцэг болон навч хийхэд сайхан багц цэцэг болж харагдана. Мэдээж хийж сурсан цэглэх аргаараа олон цувраа цэг тавьж зургаа чимэглээрэй.
Ингээд та гжелийг хаалган дээрээ зурах боломжтой гэдгийг мэддэг боллоо. Би дараагийн хэсгийг мөн гжелээр чимэглэе гэж бодож байгаа бөгөөд өөр шинэ цэцэг олж судлаад тэрийгээ буулгана гэж бодож байна. Та ч бас интернэтээр судлаад санаагаа хэрэгжүүлээрэй. Ингээд танд амжилт хүсье.