Хаана ч Байхгүй Хаалга 7

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/11/02

Энэ удаад би “Хаана ч Байхгүй Хаалга 6”-д хэлсэнчлэн гжель зурлаа. Гэхдээ дан цэцэг биш бяцхан шувуухай оруулж өгснөөрөө түрүүчийн урлалаас арай өөр болсон. Оросын гжельд олон янзын шувууны дүрс  нилээд чухал байр суурь эзэлдэг бөгөөд олон аргаар шувуу зурсан байдаг. Нэгэнт ардын урлал учир хэв маягийг хадгалан зурах нь зүйтэй юм. За ингээд хэрхэн хийснээ тайлбарлан хүргэе.

  • Том жижиг бөөрөнхий бийр
  • Дунд зэргийн хавтгай бийр
  • Americana Acrylic будаг /Өнгө: Ultramarine blue, True blue, Snow white, Glorious gold/

Харандаагаар хаана юу зурахаа тоймлон бүдэгхэн зурна.

Том бөөрөнхий бийрээр шувуугаа зурж эхэлнэ.

Нарийн бийрээр хошуу далавч сарвуу гэх мэтийн нарийн хэсгийг зурна.

Далавчны угийн дугуй дүрсийг хэрээслэн зурж болох юм. Мөн хүзүү болон эх бие дээр бийрний үзүүрээр хөнгөн дарж хээ үүсгэж болох юм.

Цэцэг зурахдаа том бөөрөнхий бийрийг цагаан өнгийн будагт дүрээд үзүүрийг нь шөвийлгөсний дараа цагаан өнгийн будагт дүрж дэлбээгээ зурна. Булангийн том цэцэгийг зурахдаа дандаа голын хэсэгрүү бийрийг татаж зурах бөгөөд дэлбээ зурах бүртээ цагаан болон хөх өнгөндөө дүрж байж зурна шүү. Харин жижиг цэцэгийг зурахдаа эхлээд цаад талын эгнээг дараа нь наад талын эгнээг зураарай. Цэцэгний голд цагаан хөх өнгөөр цэг тавиарай.

Том навч хийхдээ цагаан болон хөх өнгийн будганд бөөрөнхий бийрний 2 талыг дүрж зурна. Харин жижиг навч хийхдээ бөөрөнхий бийрийг нэлэнхүйд нь хөх өнгөнд дүрж чанга дарж зураад үзүүрийг нь хөнгөн бөгөөд эргүүлэгтэйгээр татаж авна. Бийрний арыг хөх өнгөнд дүрээд тасралтүй олон удаа дарж цэгэн чимэглэл хийгээрэй.

Ороонго ургамлын дүрс нь бас нэгэн чимэглэл болж болох юм. Мөн алтлаг өнгөөр далавчны хэрээсэн хээн дээр цэглэж болох юм.

Хөх өнгөөр хийсэн хүрээгээ чимэглэхдээ нарийн долгионтой зураас зурж 2 талаар нь цэглэж өгөөрэй. Харин дотор талд нь хавтгай бийрийн 2 талд цагаан болон цэнхэр өнгийн будаг авч нэг татлагаар навч зурдагтай адил аргаар 2 тийш нь зурж хээлээрэй.

Ингээд миний урлалын нэг хэсэг дууслаа. Та гэртээ сандал, ширээ, аяга сав юун дээр ч гжель хийж болох бөгөөд барагдашгүй их урлалын санаа танд байгаа гэдэгт би итгэж байна. Таны урлалд амжилт хүсье.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд