Хайранд Өсөх Хүүхэд Нас

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/21

Хүүхэд бүр хурдан том болохыг хүсч ирээдүйд хэн болох юу хийх талаар хүсэл мөрөөдөлтэй байдаггүй гэж үү. Миний хайртай үр өдөр бүр л хэр том болж байгаагаа ээжтэйгээ зэрэгцэн зогсож шалгадаг. Маш энгийн гарын доорх материалыг ашиглаж энхрий үрсийнхээ баяр хөөрийг тэмдэглэх өндөр хэмжигч хийгээрэй.

Надад урт нарийхан аргиллитан хавтан байсныг энэ урлалдаа ашиглалаа. Цайвар шар өнгийн (delicate) шохойлог будгаар жигд 2-3 давхарлан будна.

Дөрвөлжин аргиллитан хавтан дээрээ 6 талтай од зурлаа. Миний хувьд хэрхэн зурах аргачлалаа олохгүй нэлээн будилсны эцэст Ундармаа эгч маань төмпөн ашиглаж хэрхэн хялбар зурах аргийг зааж өглөө. Тойрог зураад дээш доошоо харсан ижил хэмжээтэй гурвалжныг дотор нь зураарай. Нарийн хөрөөгөөр аргиллитан хавтан зүсэхэд амархан болно шүү.

Одны хэвээ мөн адил цайвар шар өнгийн (delicate) шохойлог будгаар жигд 2-3 давхарлан будна. Дотор талд нь арай жижиг хэмжээний од зураад цайвар цэнхэр өнгийн (treasure) шохойлог будгаар будлаа.

Том од зурсан аргачлалаа ашиглаж Silhouette Curio машинаар 2см диаметртэй однууд зүсэж гаргаж авлаа. Та ямар ч цаас ашиглаж болно. Миний хувьд хаммер цагаан цаас ашигласан учраас 3 од давхарлаж нааснаар зузаан 3D хэмжээст однуудтай боллоо. Уг однуудаа мөн адил цайвар цэнхэр өнгийн (treasure) шохойлог будгаар будлаа.

Харанхуйд фосфортож харагддаг будгаар однуудаа 5,6 давхарлаж будлаа. Энэ однууд харанхуйд гэрэлтэж үргэлж үрд минь өсөж том болох хүслийг нь дэврээж өгөх болтугай.

За эцэст нь хар өнгийн арилдаггүй маркераар см хуваарь болон тоонуудыг тэмдэглэгээ хийлээ. Том од дээр бичсэн үг маань танд бас таалагдана гэж найдаж байна. Однуудаа наагаад л миний үрсдээ зориулах бяцхан бэлэг бэлэн боллоо. Та ч бас хийгээд үзээрэй.

Хамгийн гол зүйл нь аргиллитан хавтан маань урт нарийхан учраас хөдлөхгүйгээр хананд наалдуулж өгөх шаардлагатай шүү. Та ямар ч хэлбэр дүрстэй хийж болох бөгөөд гол нь хүүхдийнхээ нас хүйс сонирхолд нийцүүлээрэй.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд