Ханхүүдээ Барих Бэлэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/04/01

Бяцхан үр минь удахгүй 1 ой хүрэхнээ. Хайртай үрийн минь бидний амьдралд гэрэл гэгээ, баяр баясгалан нэмсэн энэ чухал үеийг сэтгэл зүрхэндээ мөнхөд дурсан нандигнахаас гадна, дурсгал болгох үүднээс дурсамжийн альбомыг түүндээ зориулан урлаж бэлэглэхийг хүсч байна.

Би альбомынхоо хуудсыг чимэглэж, үүгээрээ өөр өөр техникийг танилцуулах тул постууд маань цуврал нийтлэл болж орох юм.

Энэ удаа маш энгийн аргаар чимсэн хуудсаа та бүгдтэй хуваалцая.

  • Хээтэй цаас
  • ЭХО зураг
  • Micron Pigma Pen 08 mm (энэ бал маань усны хамгаалалттай, хүчил агуулаагүй тул он удаан жил хадгалсан ч бичсэн, зурсан зүйлс тань шинээрээ хадгалагдаж чадна.)
  • Зүсдэг хэв (од эсвэл зүрхний дүрстэй)
  • Diamond glaze (3D хэвтэй, өнгөгүй хатдаг мидиум)
  • Мөнгөлөг товойлгодог нунтаг
  • Халуунаар төөнөгч багаж
  • Versamark үзэг (энэ үзэг нь өнгөгүй, цавуулаг тул товойлгогч нунтагийг өөртөө наалдуулж өгдөг)

Хамгийн эхэнд хээтэй цаасаа хуудсандаа нааж тогтоогоод  дээр нь гарчиглалаа. Энэ альбомоо англи хэл дээр хөтлөх тул танаас хүлцэл өчье. Та өөрийн альбомоо өөрийн хүссэнээрээ аль ч хэл дээр хөтөлж болно шүү.

Зурагнуудаа хүссэн хэмжээгээрээ хайчилж бэлэн болгоно. Бяцхан Ханхүүгийнхээ ЭХО зурагнуудыг энэ хуудсандаа ашиглаж байгаа болохоор даруухан өнгийн суурь цаас, өнгөнүүд сонголоо.

Бор хээтэй цаасаа ЭХО зурагнаас ялимгүй том хэмжээтэй хайчлаад, зурагныхаа жааз хүрээ болгож наана. Энэ хүрээтэйгээ зохицолдуулах үүднээс хуудасныхаа баруун хэсэгт ижил хээтэй цаасаар босоо нааж өглөө.

Одны Дүрсээ Чимэглэцгээе!

Энэ хуудсанд ердийн л энгийн техник ашигласаны гол онцлох техник нь одны дүрс дээр it’s a boy! үгийг мөнгөлөг товойлгогч нунтагаар товойлгож өглөө.

Товойлгогч нунтагыг ашиглахдаа эхлээд одны дүрсэн дээрээ тальк цацаж өгөөд цэвэрхэн хуурай бийрээр тарааж нимгэн талькдсан гадаргуу үүсгэнэ. Энэ нь товойлгогч нунтагыг хүсээгүй газар үлдэхээс сэргийлж буй юм.

Талькдсан одны дүрс дээрээ  Versamark үзгээр It’s a Boy! гэж бичлээ.

Энэ цавуулаг гадаргуу дээр мөнгөлөг өнгөтэй товойлгогч нунтагаа хангалттай асгаж өгнө. Үг дээр тогтож үлдээгүй хэсгийг та сав руугаа буцааж хийгээд дараагийн урлалдаа ашиглаарай.

Одоо үг дээр тогтож үлдсэн мөнгөлөг нунтагаа төөнөгч багажаар төөнөж хайлуулая. Би дэндүү яарч, халуун байсан нунтаг дээр хуруугаараа хүрсэн тул эхний үг дээр миний хурууны хээ үлдчихлээ.

Гэвч энэ од надад таалагдсан тул альбомдоо ашиглая гэж шийдлээ. Хэрвээ та товойлгогч нунтагыг ашиглаж байгаа бол над шиг хатаагүй үед нь яарч бүү хүрээрэй.

Мөн одныхоо дүрсэн дээр Diamond glaze мидиумыг ашигласан тул одны дүрс маань тунгалаг 3D гадаргуутай болсон юм.

Micron үзгийг ашиглаж сэтгэлийн нандин үгээ, шүлэг, дуу бичиж эсвэл зүгээр л он сар бичиж тэмдэглэж болно.

Та бүгддээ дараагийн хуудсаараа дамжуулж шинэ сонирхолтой техник танилцуулах болно.

Таны урлалд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд