Хээтэй Даавууг Урлахтай Танилцсан Минь

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/21

Шинэ урлал хийх бүрдээ үр дүнгий нь харж баясах бас шинэ содон бүтээл урлах санаа төрдөг. Ундармаа эгч маань даавуун дээр индүүдэж буулгадаг будгаар маш хөөрхөн сандлын бүтээлэг урласан нь үнэхээр бүтээлч бас чадварлаг хүн юмаа гэж бахдах сэтгэлийг надад төрүүлсэн. Харин футволк дээр хээтэй дүрс буулгах санааг туршиж үзээрэй гэж Жули санал болголоо. Үнэндээ хүмүүсийн урласан зүйлсийг хараад өөрийгөө хийж чадахгүй л байхдаа гэж голж байсан ч туршиж үзэлгүйгээр, хийж үзэлгүйгээр өнгөрөөж боломгүй тийм л сонирхол татсан урлал байлаа.

Сонингийн цулгуй цаасан дээр Transfer Paint будгаа ашиглан эрвээхэй зурлаа. Энэ эрвээхэйг зурах гэж зөндөө л юм боллоо. Санаа маань их гоёмсог байгаад байдаг гэтэл яг зурж будах болохоор бас тийм ч амархан биш юмаа. Эрвээхэй доторх бөөрөнхий дүрснүүдийг будгаа ашиглаж хээлж будсан бөгөөд нарийн үзүүртэй бийрээр хээгээ зураад хатсаны дараа нь доторх үлдэгдэл хэсгийг будсан.

Transfer Paint будаг маань манай дэлгүүрт шингэн болон нунтаг хэлбэрээр зарагдаж байгаа. Харин би шингэн будгийг нь ашиглаж энэ бүтээлээ урлалаа. Индүүдэх үедээ алдаа гаргаснаас болж эрвээхэйгээ хэд дахиж хийсэн ч зурах бүрдээ аргачлал маань сайжирч, индүүдэх тусам алдаанаасаа суралцаж байлаа. Багагүй цаг зарцуулсан хэдий ч Fabric Transfer будгийн мөн чанарыг таньж авлаа.

Индүүдэх үедээ хэт их хөдөлгөх, нэг газраа хэт удаан дарах, индүүгээ халуун уурны тохиргоон дээр тааруулах гэх мэт алдааг гаргахгүй бол таны хээ дүрс маш үзэмжтэй гоё буух боломжтой. Ингээд халуун индүүгээр нэг газраа 2 минут орчим үл ялиг хөдөлгөн индүүдэнэ. Энэ будаг халуунд буудаг учир будгийг индүүнийхээ ул мөн индүүддэг тавцандаа шингэхээс хамгаалж калькан цаас  ашиглаарай.

Эрвээхэйгээ футволк дээр наах:

Анхны санаа маань хар өнгийн майк дээр эрвээхэйгээ наах байлаа. Наасан эрвээхэйг майкны хар өнгө хэт өнгийг нь дараад байсан тул цагаан эсвэл ягаан футволк дээр наах боллоо. Хэрвээ хар бараан өнгөн дээр наах бол ард нь даавууны зориулалттай цагаан акрилан будгаар суурь тавьж өгөөрэй.

Наахдаа Fabric Fushion даавууг даавуутай наалдуулдаг цавуу ашиглалаа. Энэ цавуу маань футволкоо угаах үед ч хууларч унахгүй зориулалтын сайн цавуу шүү.

Анхааруулах зүйл:

  • Будгаа хэрэглэхээсээ өмнө сайтар сэгсрээрэй
  • Даавуун дээр буусан эрвээхэйн дүрсээ хайчлахаас өмнө даавууны декупаж мидиумыг ар талд нь түрхэж өгөөрэй. Ингэснээр хайчилах дүрс тань хөвөрч сэмрэхгүй болно.

Ингээд та миний үзүүлсэн аргачлалын дагуу Transfer Paint даавууны будгийг даавуу, хувцас, урлалдаа ашиглаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал