Хуванцар Халбага Бадам Лянхуа Болсон Түүх

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/11/24

Өнөөдрийн урлалаар нэг удаагийн хуванцар халбагануудыг ашиглан бадам лянхуа цэцгэн лааны суурийг хэрхэн хийсэн талаараа хуваалцах гэж байгаадаа баяртай байна. Урлал хийхэд үнэндээ юугаар ч юм хийж болдог гэдэгтэй гар урлал сонирхогч та бүхэн санал нийлэх бизээ. Лааз, шил гээд зарим хүмүүсийн хог гэж боддог зүйлийг дахин ашиглаж хэрэглээний бүтээл болгох нь эргээд бидэнд ч хэрэгтэй, эх дэлхийдээ ч ээлтэй үйл болдог.

За ингээд урлалдаа орцгооё.

Халбаганы урд талаар цэцгийн дэлбээнүүд хийнэ. Тиймээс эхлээд халбаганыхаа ишийг тайрах хэрэгтэй. Цэцэгнийхээ гадна, дунд, дотор хэсгийн дэлбээ хэд байхыг урьдчилан тооцож халбагаа бэлдээрэй. Надад 27 ширхэг халбага хэрэгтэй болсон. Халбагаа тайрахдаа хайчаар ором гаргаад дарахад амархан хугарч байсан бөгөөд цаасны хутгаар ч мөн тайрах боломжтой шүү.

Манай дэлгүүрт шинээр ирсэн Extreme Sheen металлаг акрилан будаг болон Maya Gold будгийн цэнхэр өнгийг хооронд нь харьцуулан таних зорилгоор 18 ширхэг тайрсан халбагыг будлаа. Эдгээр нь цэцгийн гадна болон дунд хэсгийн дэлбээ болох юм.

Зөвлөмж: Халбагаа будахдаа порлон ашиглан 3 удаа давхарлан будаарай.

Extreme Sheen Sapphireтод өнгөтэй, гялгар гадаргуу үүсгэнэ. Гэвч бага зэрэг удаан хатдаг. Цаад суурь харагдахгүй. /opaque/

Maya Gold Iceblue – гялгар гадаргуу үүсгэнэ, хурдан хатдаг. Гөлгөр, будагтай, лакдсан гадаргуунд илүү тохиромжтой. Цаад суурь нэвт харагдна. /transparent/

Цэцгийн дотор дэлбээ болох хэсгийг Maya Gold мөнгөлөг  өнгөөр будав.

Будгаа хатсаны дараа DuraClear /Soft touch/  бэхжүүлэгч лакаар лакдав.

Cууриа бэлдэхдээ

Хатуу картон цаасан дээр дугуй дүрсний хэвийг скочны гол ашиглан зурж хайчлаад цэнхэр саарал өнгөөр будлаа.

Халбагаа наахдаа

Халуун буун цавуугаар захаас нь эхлэн наагаарай.

Бүх дэлбээнүүдээ наасны дараа доод сууринд олс наах санаа төрлөө. Ингэснээр доод суурь илүү тогтвортой болно.

Олсоо наахдаа бага зэрэг дэгээ үлдээснээр хийсэн цэцгээ ханандаа ч өлгөж болно.

Декупажны медиум ашиглан наасан олсоо бэхжүүлэв

Жижиг дугуй картон цаасаар гол хийж нааснаар миний лааны суурь, ханын чимэг болох цэцэг минь бэлэн боллоо.

За ингээд өөрийн гараар урласан бүтээлээрээ гэртээ чимэг нэмээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд