Нарны Цацрагыг Өөр Өнгөөр Харах уу?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/01/13

Европын улсуудад өвөрмөц гоёмсог шилэн чимэглэлтэй сүмүүд их байдгийг та нэвтрүүлгүүдээр зөндөө харсан байх. Энэ чимэглэлийг яаж хийдэг юм бол гэж их боддог байлаа. Мэдээж том чимэглэлүүдийг үйлдвэрээс гаргадаг байх харин жижиг чимэглэлийг Glass stain шил, хуванцарын зориулалттай гэрэл нэвтэрдэг будгаар хийж болох юм байна.

  • Дугариг шил (хэрэглэхгүй болсон ханын цагны шилийг авч ашиглалаа)
  • Шил цэвэрлэгч спирттэй цаас
  • Бүдүүвч зураг
  • Glass Stain шилний будаг (улаан, шар, цэнхэр, өнгөгүй тунгалаг)
  • Шилний DecoArt marker (хар)

Glass Stain будгийг анх туршиж үзэж байгаа тул энгийн амархан чимэглэл урлахаар шийдлээ. Интернэтээс сононы зураг дуурайлган бүдүүвч зургаа зурлаа дээрээс нь нэмэлтээр өөрөө ногоон навч, нар гэх мэт зүйлс зурсан.

Шилэндээ өлгүүрийн нүх гарган дриллээр цоолоорой. Бэлэн болсон шилээ спирттэй цаасаар арчин гарын хээ, тоос шороо, тосноос салгаж цэвэрлэн будахад бэлэн болгоно.

Бүдүүвч зургаа шилнийхээ доор тавьж, нэвт харагдаж байгаа зургийг шилний хар маркер ашиглан зурна.

Будах аргачлал:

Glass Stain будаг маань шингэн урсамтгай тул шилээ ширээн дээр эгц дээшээ харуулж тавиад Glass stain (улаан) өнгөөр сононы доод 2 далавч болон дээд далавчны гадна хэсэг, мөр хэсгийг будлаа. Сононы бусад хэсгийг улаан, тунгалаг 2 өнгийг хольж ягаан өнгө үүсгэсэн бөгөөд будгаа холихдоо тус бүрээс ижил хэмжээтэй 1 дуслыг будах гадаргуу дээрээ дусаагаад, шүдний чигчлүүрээр хооронд нь найралдуулна. Өнгө жигд холигдсоны дараа будгаа шүдний чигчлүүрийн тусламжтай гадаргуу дээрээ тарааж өгнө. Таалагдах ногоон өнгө байгаагүй учраас мөн адил аргаар цэнхэр, шар 2 өнгийг хольж ногоон өнгийг үүсгэлээ.

Энэ маягаар бусад өнгүүдээ ч жигд будаж тараагаарай

 Санамж: Будсан хэсгийг хатсаны дараа дараагийн зүйлийг будах нь өмнөх урлалаа баллахаас сэргийлж чадна.

Таны будаг жигд тарсан хэдий ч жижиг бөмбөлөгүүд дотроо үүссэн байна уу? Миний энэ бүтээлд олон жижиг бөмбөлөгүүд үүссэн байсан учраас оёдолын зүүгээр бөмбөлөгүүдийг болгоомжтой хагаллаа.

Хамгийн сүүлд хар маркераар дугуй шилнийхээ тойргийг жигд хүрээлж зураад, бүрэн хатсаны дараа цоолсон нүхэндээ тууз хэлхэж уяад бэлэн боллоо.

 Санамж: Будгаа тараахдаа хар хүрээнд тултал нь тарааж өгөх хэрэгтэй бөгөөд жигд сайн тараах нь хатсаны дараа будагдаагүй зай үлдэхээс сэргийлнэ.

Энэ урлалдаа Glass Stain будгийн гэрэл нэвтэрдэг өнгүүдийг сонгож будсан тул цонхны шилний цаанаас нарны гэрлийг нэвт гэрэлтүүлж харагдуулах чимэглэлийн гайхамшгийг мэдрээрэй. Та гэртээ зориулж чимэглэл хийж болохоос гадна бусдад зориулж өвөрмөц гоёмсог бэлэг дурсгалын зүйлс ч урлаж болно шүү дээ. Таны урлалд шинэлэг санаа амжилтыг хүсэе.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд