Нэг Тамганы Сет, Нилээд Өөр Картууд

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/26

Урлаачид аа! Та бүхэнтэй арай өөр төрлийн нийтлэлээр мэндчилж байгаадаа баяртай байна. Танд хэр олон урлалын тамга байдаг вэ? Тоо ч хамаагүй л дээ. Үнэндээ танд ганцхан тамганы сет байхад л та үүгээрээ дахин давтагдашгүй олон өөр загвартай урлал хийх боломжтой гэдгээ мэдэх үү?

Манай бүтээлч хамт олон санаагаа уралдуулан “Doodle A Flower” нэртэй нэг л тамганы сетээр тэс өөр хийц загвартай картууд урлалаа! Бид энэ бүхнийг та бүхэнд цуврал нийтлэл болгон хүргэх ба таныг тамга ашиглан урлал хийх олон шинэлэг санаа авна гэж найдаж байна.

Үргэлж баяртай байгаарай!

Энэхүү картыг манай ажилтан Саагий урласан юм. Цэцэг заавал дэлбээтэй байх албагүй шүү дээ. Дугуй дүрстэй тамгаар тамгалаад ногоон Distress Ink тамганы өнгөөр будахад л өвөрмөц хөөрхөн цэцгүүдээ та бүтээж болох нь. Мөн өнгий нь дагуулж картны зах хэсгийг ногооноор будахаа та бүү мартаарай. Ингээд ‘Үргэлж Баяртай Байгаарай’ гэсэн үгээр чимэглээд карт маань бэлэн боллоо!

Наран цэцэгтэй карт 

Энэ картны хувьд Наара миний бие манайд шинээр ирсэн Distress Crayon урлалын тосон харандаагаар урласан. Тус тосон харандааны онцлог нь усанд уусдагт оршино. Иймд эхлээд фоноо Distress Crayon-ы хэд хэдэн өнгөөр будаад, дараа нь усаар норгож хатаасан билээ. Ингэхэд фон маань их гоё өнгөлөг болов. Фон дээрээ хар өнгөөр тамгаараа наран цэцэг болгож тамгалаад, “Баярлалаа” гэсэн үгээр картаа чимээд боллоо.

Энэ бүхэн зүгээр л эхлэл шүү.  Дараа дараагийн нийтлэл танд нэг тамганы сетээр өөр илүү олон сонирхолтой загварын карт урлах санааг өгөх болно. Та өөрт байгаа тамгаа ашиглан дээрх аргуудыг туршаад үзээрэй!

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал