Өдөржин Наадах Гоё Доо

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/05/25

Хүүд маань олон машин, галт тэрэг байдаг ч тэр бүр бүгдээр нь тоглоод байдаггүй, хэсэгхэн барьж сууж тоглож байгаад л уйдаад орхидог. Харин уйдахгүйгээр өдөржин бүх тоглоомнуудаа оролцуулан илүү хөгжилтэй тоглох боломжийг хямд бөгөөд гар доорх материалаар бяцхан хотхон хийж өгсөнөөр шийдлээ.

Энэ тоглоомын тавцанг та даавуун дээр хийж болох  хэдий ч, машин, галт тэргээ чөлөөтэй зорчуулахын тулд хатуу гадаргууг сонговол илүү зохимжтой.

Ингээд миний ашигласан материал болон хийсэн заавартай танилцана уу.

Юун түрүүнд аргелитныхаа хүрээ ирмэгийг сайн зүлгүүрдэж хүүхдэд аюулгүй болгож өгөх хэрэгтэй. Мөн сайн цэвэрлэж арчвал будаг маань тоос шороо, модны үртэстэй холилдохгүй.

Аргелит дээрээ ерөнхий загвараа зурж өгнө.

Зурсан загварынхаа дагуу далайг цэнхэр (өнгө: blue bird), далайн эргийн элсийг шар (school bus), замыг саарлаар (black tie, white birch), замын зураасыг цагаан (cotton ball), зүлгээ ногоон (turf green) өнгөөр будаж өглөө.

Миний хувьд далайн эргийн элсийг илүү амьд харагдуулахыг хүссэн учраас нэг үйлдэлтэй хагардаг лакыг нилээн зузаан түрхэж өглөө.

Энэ лак нь хагарсан эффект үүсгэдэг бөгөөд элсний ширхэгтэй юм шиг харагдуулахын тулд лакаа хатсаны дараа нь бор шар өнгийн акрилан (cocoa bean) будгийг түрхэнэ.

Энэ давхарлаж будсан будгаа хатахаас нь өмнө нь нойтон салфеткаар арчаарай. Таны давхарлаж будсан бор будаг хагардаг лакны хагаралтын завсараар тогтож үлдээд хүссэн далайн элсэн эргээ бүтээж чадсан гэдэгт итгэж байна.

Ингээд эцэст нь та өөрийн хүссэнээрээ илүү чимэглэлүүдийг акрилан будгаараа зурж өгөөрэй.

Миний хувьд замын голын цагаан зурааснуудыг, машины зогсоолын талбайг, далайн эргийн хөөс, тойрог замын голын цэцгийн мандал гэх мэт жижиг нарийн зүйлсийг нэмж өгснөөр илүү сонирхолтой бүтээл болж өгсөн гэж бодож байна.

Дараагийн удаа та нартаа энэ бүтээлдээ зохицох замын тэмдгүүд, мод, барилга гэх мэт зүйлсийг хийх аргачлалыг танилцуулах болно.

Зөвлөмж:  Хэрвээ та хүсвэл акрилан будгуудаа хооронд нь хольж шинэ өнгө үүсгэх боломжтой. Миний хувьд зам будахдаа хар цагаан 2 өнгийг хольж өөрт байхгүй саарал өнгө гаргасан. Мөн ногоон суурь будаг дээр цэцэг зурахын тулд цагаан акрилан будгаар эхэлж цэцгээ зураад хатсаны дараа нь үндсэн өнгөөрөө цэцгүүдээ чимэглэсэн шүү.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд