Охидын Гоёлын Сав

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/11/03

Охидын тань гоёл хаа сайгүй хөглөрөөд нэг нэгээрээ алга болсоор дахин шинээр авах хэрэг гараад байна уу? Миний хувьд ийм асуудал гарсаар байгаа тул охиндоо тааладагдах бас эмх цэгцтэй байж сурахад нь хэрэгтэй гоёлын сав урласан билээ.

Хуванцар саваа сайтар цэвэрлээд ариутгах шингэнээр арчиж бэлэн болгоно. Өндөгний хальсаа сайтар угааж доторхи хальснаас нь салган хатааж бэлдэнэ. Ингээд хуванцар саван дээрээ тараган цавуугаа бага багаар турхэж өндөгний хальсаа хагалан наана.

Өндөгний хальсаа битүү наасны дараа сайтар хатаана.

Цагаан өнгийн акрилан будгаар будна. Би 3 давхарлаж будсан.

Будаг сайтар хатсаны дараа урлалын салфеткаа байрлуулан наана.

Шаргал өнгийн будгаар таг болон савныхаа дээд хэсэг ёроол хэсгээр уусгаж будна. Дараа нь акрилан лакаараа 3-4 давхарлан лакдана.

Лак хатсаны дараа савны таган дээр жижиг тоглоом болон хуванцар чимэглэлийн зүйлсээ байрлуулан наасан.

Хамгийн сүүлд байрлуулсан чимэглэлүүдээ ижил өнгөтэй болгохын тулд алтлаг боронзон будгаар будсан.

Дууссан тосны саваа хаялгүйгээр хэрэгтэй зүйл болгосон миний бүтээл та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Ямар ч сав ашиглаж хийх боломжтой тул та хийгээд үзээрэй. Та бүхний урлалд амжилт хүсье.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд