Олон янзын цэнхэр будгаар юу хийж болох вэ?

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/03/24

Намайг бага байхад Орос улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр хээтэй шаазан таваг хааяа нэг айлд ороход нүдэнд тод тусдаг байж билээ. Цагаан өнгийн дэвсгэр дээрх зургийн бүх зураас цэнхэр байх бөгөөд хоорондоо ялгаатай тэдгээр цэнхэр өнгөнүүдээр хэрхэн зураг зурсан нь гайхалтай санагддагсан. Тэр үед будгаа хаанаас олох болон хэрхэн зурах арга нь тодорхойгүй байдаг байсан тул дэмий л харахаас цаашгүй байсан байх даа. Харин одоо бол манай дэлгүүрт чухам л тэдгээр хоорондоо ялгаатай олон цэнхэр өнгийн будагнууд биднээр туршилт хийгээч гэх шиг эгнэн байх бөгөөд 4 будгаар л энэхүү бяцхан сандлыг чимэх боломжтой нэг татлагын техникийг эзэмших болсондоо талархавч баршгүй . Ингээд хэрхэн хийх аргыг та бүхэндээ тайлбарлая.

Сандлаа цагаан өнгөөр будна.

Цэцэг зурах газраа олоод 7см диаметртэй тойрог харандаагаар зураад зурагт үзүүлсэнээр 3 хэсэгт хуваагаарай.

Дөрвөн өөр өнгийн будагнуудыг нийлүүр дээр дусаагаад бийрэндээ цагаан будаг сайн шингээж хамгийн цайвар цэнхэр будганд үзүүр хэсгийг нийлүүрэн дээгүүр гулгуулж дүрээд авна.

Жижиг хэсгийн дэлбээг голоос нь эхлээд зурж 3 дэлбээ гаргана. Үргэлжлүүлэн тод өнгөөр 2 талын дэлбээнүүдийг зураарай.

Дунд хэсгийг мөн голын дэлбээнээс эхлэн 2 тийш өнгө нь цайвараас бараан болохоор бодож зураарай.

Доод хэсгийг хийхдээ сандлаа эргүүлж байгаад үзүүр нь гадагшаа байхаар бодож зураарай. Өөрөөр хэлбэл харандаагаар зурсан зурааснаас эхлэн зурна гэсэн үг.

Голоосоо 2 тийш өнгө нь цайвраас бараан болохоор бодож зураарай.

Цэцгийн дохиурыг хийхдээ цагаан болон Ultramarine blue цэнхэр өнгөнд шүдний чигчлүүрийн арыг дүрж гаргаарай.

Зүрхэн хэлбэртэй навч харандаагаар зурна. Бийрний нэг талыг цагаан нөгөө талыг Ultramarine blue цэнхэр өнгөнд дүрээд навчныхаа талыг будна.

Навчны үлдсэн хагасыг нь будахдаа бийрний нэг талыг цагаан нөгөө талыг нь True blue цэнхэр өнгөнд дүрээд гүйцээж будна.

Жижиг навч хийхдээ цагаан өнгөнд бийрээ дүрээд Ultramarine blue будганд үзүүр хэсгийг дүрж зурна.

Сандлын ирмэг хэсгээр зурагт үзүүлсэн хээг хийх тул эхлээд туршилт хийгээрэй. Ингэхдээ хавтгай бийрний нэг үзүүрийг цагаан өнгөнд нөгөө үзүүрийг True blue өнгөнд дүрж тойрог маягаар зурна.

Нарийн бийрээр Ultramarine blue өнгөөр өмнө зурсан хагас дугуй дотор навчны дүрс гаргаарай.

Нарийн бийрээр Ultramarine blue өнгөөр зурагт үзүүлсэн навчны дүрсийг гаргаж бас болох юм.

Ирмэг хэсэгт True blue цэнхэр өнгийн будгийг порлоноор хөнгөн тавьж өгвөл үндсэн зураг тодорч өгдөг.

Зургаа зурж дуусгаад Soft touch бэхжүүлэгч лакаар хамгаалах гадаргуу үүсгээрэй.

Миний анхны оролдлого тийм ч амаргүй байсан боловч үр дүн нь гайхалтай байсан бөгөөд та ч бас ийм бүтээлээс амралт, таашаалыг хүртэх болно гэдэгт би итгэлтэй байна.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд