Өвөрмөц Фонтой Шинэ Жилийн Мэндчилгээ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/12/12

Надад нэг Шинэ Жилийн тамганы сэтээр өөр өөр мэндчилгээний карт хийх санал ирлээ. Энэ тамганы сэт маань их өвөрмөц хөөрхөн дүрснүүдтэй, ялангуяа хөөрхөн гөлөгний дээшээ харж байгаа энэ тамга надад үнэхээр эгдүүтэй санагдлаа. Саяхан сурсан шинэ техникүүдээ ашиглан Шинэ Жилийн мэндчилгээнүүд хийсэн бөгөөд хийх аргачлалыг цуврал нийтлэл болгон оруулахаар шийдлээ.

16,5 х 24 см хэмжээтэй хатуу улаан цаасыг голоор нь нугалаад картны эх бие маань бэлэн боллоо.

Зураг дээр үзүүлсэн хэв болон Cuttlebug машиныг ашиглаж цаасаа зүслээ.

Уг цаасаа Distress Oxide, Distress ink тамганы өнгийг ашиглаж уусалттай, өвөрмөц эффект харуулсан фоныг урлалаа. Урлалын дэвсгэр дээрээ тамганы өнгүүдээ нялаад дээрээс нь ус шүршиж өгсөнөөр цаасаа дээрээс нь тавих үед тамганы өнгө нь цаасандаа нэвчинэ. Гэхдээ та урсахаас нь өмнө халуунаар төөнөгч багажаар халааж хатаагаарай.

Distress Oxide тамганы өнгө нь ус хүрэхэд исэлдэх нөлөөнд орж өвөрмөц тогтоцтой эффект үүсгэдэг. Хэд хэд давхарлаж өөрийн хүссэн фоноо үүсгээрэй. Би энэ техникийг Tim Holtz-н заасаны дагуу хийсэн учраас түүний ашигласан өнгөний сонголтыг ч бас дуурайсан. Би өөрөө тод өнгүүдэд дуртай хэдий ч энэ удаагийн урласан фон өнгө маань надад үнэхээр таалагдлаа.

Гөлөгний дүрсээ Memento хар тамганы өнгөөр тамгалаарай.

Өнгө ялгаж Dazzling Metallic акрилан будгуудаар будаад цасан ширхэгүүдээ илүү тодотгож харагдуулахын тулд саатай цавуугаар гялалзууллаа.

11 х 11 см хэмжээтэй цагаан hammer цаасан дээр хошуулдаж саатай цагаан цаас наана. Энэ суурь дээрээ гөлөг тамгалсан чимэглэлээ нааж өгсөнөөр илүү үзэмжтэй харагдаж байна.

‘Шинэ жилийн мэнд хүргэе’ гэсэн үгийг Versamark өнгөгүй тамганы өнгөөр тамгалаад цагаан товойлгогч нунтаг ашиглан халуунаар төөнөлөө.

Та Шинэ Жилийн мэндчилгээг хайртай дотны хүмүүстээ илгээхдээ өөрийн урласан карт дээрээ бичвэл хичнээн сайхан мэндчилгээ болж чадах вэ? Иймээс өнөөдрөөс эхэлж цаг алдалгүй өөрийн гэсэн өвөрмөц содон картуудаа урлаж, ерөөлийн сайхан үгсээ шинэ оны мэндчилгээ болгон хайртай хүмүүстээ, хамт олондоо, найз нөхөддөө илгээгээрэй.

Бүх сэтгэгдлийг үзэх

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд