Принглэс Чипсний Хайрцаг шүү дээ

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/08/02

Хүн бүрд ямар нэгэн сонирхол хүсэл, эсвэл хобби гэж байдаг. Эх дэлхийгээ хайрлах, хэт их хэрэглээнд автаж донтохгүй байх гэх мэт зүйлс миний сонирхол болсноос хойш хэрхэн хаягдал бага гаргах вэ? Хэрхэн хэрэггүй зүйлсийг (someone’s trash is my treasure) хэрэгцээт зүйл болгох вэ? гэх зүйлс бодогдох болсон. Хэдийгээр гар урлал гэдэг зүйлийг хог хаягдал ашигладаг гэж хэлж болохгүй ч миний хувьд өөрийн урлалдаа хэрэггүй болсон хаягдлыг дахин ашиглах хүсэл илүү давамгайлж байдаг. Энэ удаа хаа сайгүй хаягдал болж хэвтдэг принглэсний хайрцгийг гоёл чимэглэлээ хийх ширээний сувенир болгож чимэглэлээ.

Юун түрүүнд принглэсний хайрцгаа сайтар цэвэрлээрэй. 3 принглэсний савны ёроолыг 5см өндөртэйгөөр зүсэж авлаа. Зурган дээр үзүүлсэн шиг резин ашиглаж болно шүү. Энэ сав маань хэт зузаан биш тул энгийн цаасны хутга ашиглаж болно. Хайрцагны ирмэгийг жигдэлж сайтар зүлгүүрдээрэй.

Принглэсний хайрцаг маань тод өнгөтэй олон бичигтэй тул цагаан өнгийн акрилан будгаар өнгийг жигдэлж будаарай.

Сүүлийн үед надад яагаад ч юм хагаралт үүсгэсэн гадаргуу маш их таалагдаж байгаа тул хайрцагнууддаа хагаралт үүсгэж өглөө. Бор өнгийн акрилан будгийг суурь болгон будаад хатсаны дараа нь хагаралт үүсгэх лакийг хэт нимгэн биш түрхэнэ. Бүрэн хатахаас нь өмнө шохойлог будаг түрхэж өгснөөр дээр нь түрхсэн будаг тань гайхамшигтай хагарсан эффектийг үүсгэсэн байна.

Дахин өөр нэг принглэсний савыг ерөнхий их бие болгон бэлдэнэ. Хаалгатай мэт болгохыг хүсч байгаа учраас урт нарийн хэдэн хэсэгт хувааж зүслээ. Мэдээж та цагаан акрилан будгаар даавууны цаанаас бичиг болон өнгийг нэвт харагдуулахгүйн тулд будах ёстой.

Даавуугаа их биедээ наахаас өмнө Sosoft даавууны будгаар чимэглэл хийгээрэй. Миний хувьд ташуу хээтэй цоолборыг ашиглаж 3 өнгийн Sosoft будгийг өнгө уусган будлаа.

Даавууны зориулалттай декупаж мидиумаар принглэсний хайрцагныхаа дотор гадар 2 талд даавуугаа наана.

Таглаа болон хаалгаа хаахад хоорондоо зууралдаж наалддаг зангуу, савны хүрээг гоёх саатай тууз гэх мэт нэмэгдэл чимэглэлийг өөрийн хүссэнээрээ хийгээрэй.

Ямар ч урлал хийсэн өөрт тань таалагдаж байх нь л чухал гэж боддог. Таны бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхээс гадна цагийг үр бүтээлтэй өнгөрөөх тийм л урлал илүү ихийг хийх урмыг танд өгөх болно. Ингээд таны урлалд амжилт хүсье.

Холбоотой бүтээгдэхүүн

Холбоотой урлалууд