Сэтгэл Сэргээж Хобби Хөдөлгөм Урлал

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/07

Цоо шинэ урлалаараа та бүгдтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна.

Энэ удаагийн урлал маань хичнээн дахин хийсэн ч байнга шинэ сэдэл шинэ санааг өгч байх дуусч дундрашгүй урлал юм.

Энэ урлалдаа 30х30 хэмжээтэй хээтэй цаас ашиглалаа. Хээтэй цаасны ар талд 1см-н өргөнөөр 7-10 ширхэгийг зурж тэмдэглээд, цаасны хутгаар жигд хэмжээтэй зүсч бэлдэнэ. Бэлдсэн цааснаасаа 2-г ашиглаж 1 сувс хийнэ.

Эхний цаасыг савхны тусламжтай нягт ороож наана. 2 дахь цаасыг зурагт үзүүлсний дагуу диагональдаж цаасны хутгаар зүснэ. Нэг талаас нөгөө үзүүрлүүгээ нарийссан гурвалжин маягийн боллоо

Цаасаа ороож наалдуулах үедээ болгоомжтой нямбай наах хэрэгтэй.

Энэ сувсанд  маань 2 цаас орсон тул бүдүүн бөгөөд бөөрөнхий сувс (пандора) болж чадлаа.

Товойлгогч нунтаг ашиглахдаа:

Бэлэн болсон сувсаа лакдаж гялтгануулж болох хэдий ч шинэ техник туршиж өнгөгүй товойлгодог нунтгаар гялгар гадаргуутай болгон чимж чадлаа. Үүний тулд эхлээд бэлэн болсон сувсаа савхандаа өлгөөд Вэрсамарк өнгөгүй тамганы өнгөн дээр өнхрүүлээд дараа нь өнгөгүй товойлгодог нунтаг цацаж өглөө.

Төөнөдөг багажаар халаах үед энэ өнгөгүй нунтаг маань хайлж өнгөгүй тунгалаг гадаргуугаар сувсыг маань бүрхэх юм. Магадгүй та өөрт байгаа хумсны өнгөгүй лак, урлалын зориулалттай бэхжүүлэгч лак зэргийг ашиглаж болох юм.

Сувсныхаа 2 талд үдээсний нүхний төмөр цагариг тогтоож өгснөөр илүү үзэмжтэй, мөн туузанд хэлхэхэд илүү хялбар болгож өглөө.

Энэ бугуйвчинд миний ашигласан цаасны уртын хэмжээнээс шалтгаалж ягаан, шар сувснууд маань өөр хэмжээтэй болсон байгааг та анзаараарай.

Ингэхээр та дурын хэмжээтэй цаасаар өөрийн хүссэн загварын сувснуудаа урлаж болох нь. Ягаан өнгийн сувсаа саатай декупаж мидиумаар бэхжүүлж лакдсан тул илүү үзэмжтэй чамин болсон байгаа. Мөн цаашлаад зөвхөн бөөрөнхий биш бас бусад хэв загвараар ч хийж болох юм шүү.

Өөр хэлбэртэй сувс урлая

Танд санаа өгөх бас нэг арга бол арай богино хэмжээтэй хээтэй цаасыг 1см өргөнтэй зүсэж бэлдээд  савхаа ашиглан нягт нямбай ороож наалдуулана. Энэ удаа зөвхөн 1 урт цаас ашиглаж байгаа тул харьцангуй жижиг хэмжээний сувс боллоо. Мөн хэлбэр нь өөр тул цаасны хээ илүү тодорхой харагдаж байгаагаараа ялгаатай юм.

Ultra-matte буюу бүрсгэр гадаргуу үүсгэдэг лакаар лакдаж бэхжүүллээ.

Хатсны дараа нь товгор хатдаг ягаан өнгийн liquid pearl-ийг ашиглан цэцэгнийхээ голыг чимэглэж өглөө.

Хэрвээ танд таны сувстай тохирох хүссэн өнгийн төмөр цагариг байхгүй бол бүх төрлийн гадаргуунд тогтоцтой үлддэг акрилан будгаар будаж болохоос гадна товойлгогч нунтагаа ашиглан алтлаг, мөнгөлөг гэх мэт өнгөнд хувиргаж болно.

Цаасан сувсаа акрилан будгаар будъя

Хээтэй цаас ашиглахгүйгээр бичгийн цаасаар сувснууд урлаарай. Бэлэн болсон сувснуудаа өнгө уусган акрилан будгаар будсан бөгөөд туузандаа хэлхэх үедээ завсарт нь жижиг хиймэл сувс хэлхэж өгсөнөөр үнэхээр үзэмжтэй боллоо.

Ингээд туузандаа сувснуудаа хэлхээд таны хүссэн бугуйвч бэлэн боллоо.

Хэдийгээр эдгээр бугуйвчнууд маань лакдаж бэхжүүлсэн хэдий ч усны хамгаалалттай биш тул гараа угаах, усанд орох, бороонд норох гэх мэт эрсдэлээс зайлсхийж чадвал удаан хугацаанд таны гоёл байсаар байх болно.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал