Шилэн Дээр Ургасан Цэцэг

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/09/09

Та идсэн чанамалынхаа шилийг хаях гэж байгаа юм биш биз? Тэгвэл танд түүгээрээ урлал хийх аргыг санал болгоё. Манайд зарагддаг өнгө өнгийн шилний будаг ийм боломжийг олгоно. Та зөвхөн шилэн дээрээ юу зурахаа л шийд. Миний хувьд саяхан манай менежер Жулигийн зааснаар сурсан нэг татлагаар цэцэг зурах арга маань сонирхолтой санагдсан тул шилээ чимэглэхдээ ашиглалаа. Ингээд хэрхэн хийснээ тайлбарлъя.

Шилээ сайтар угааж цэвэрлэнэ.

Шилээ хар өнгийн Gloss enamels шилний будгаар 2-3 дахин давхарлан будна.

Хар будгаа сайн хатаасны дараа зургаа зурна. Энэ зургийн хувьд хавтгай бийрний 2 үзүүрийг 2 өөр будганд дүрж гаргаад туршилт хийх гадаргуу дээрээ будаж үзэхэд будаг нь хоорондоо уусч тод ягаанаас цагаан өнгө хүртэл уусалттайгаар гардаг.

Илүү сайн уусгахын тулд нааш цааш нь нэг шугамын дагуу хэд хөдөлгөөд зургаа зурж эхлэнэ. Ингэхдээ зурагт үзүүлсэнээр бийрээ бариад цэцгийн гол байх хэсгээс нь гадагш жаахан явуулаад буцааж татна.

Дээр дурдсан үйлдлийг 4-5 удаа хийхэд нэг том дэлбээ үүсдэг. Та хүссэн тоогоороо дэлбээгээ хийгээрэй.

Цэцгийнхээ голыг бийрнийхээ арын үзүүрээр тавина.

Цэцгийн дэлбээг заавал цагаан ирмэгтэй хийх албагүй бөгөөд бийрээ нөгөө талаар нь харуулж бариад зурахад ягаан ирмэгтэй цагаан дэлбээ үүсдэг. Навчийг ч гэсэн өнгө уусган хийгээрэй. Бас бяцхан ягаан цагаан цэцэг таны урлалд чимэг нэмнэ.

Ер нь нэг татлагаар зурах арга бол маш хэрэгтэй техник бөгөөд олон удаа турших тусам чанарждаг юм байна. Туршилтыг жин ихтэй гөлгөр гадаргуутай цаасан дээр хийвэл илүү үр дүнтэй байдаг. Ингээд танд амжилт хүсье.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Танд сонирхуулах өөр урлал