Тамгаар Тоглъё: Давхар Тамгалах Арга

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/01/10

Та тамгаар тоглохдоо өнгөөр ч бас тоглож болохыг мэдэх үү? Би энэхүү нийтлэлдээ өргөн нарийн хоёрхон янзын тамгаар хэрхэн өнгөлөг фон үүсгэж болохыг танд харуулъя. Үүнийг би Женифер Макгуаирын /Jennifer McGuire/ блогоор зочилж байхдаа сурсан юм. Энэ аргыг давхар тамгалах арга гэдэг бөгөөд та доорх заавартай уншиж танилцаарай.

Эхлээд нэг урт тамга сонгоод, үүнийхээ дүрстэй нүүрэн талыг доош харуулж шилэн блокон дээр наалдуулна.

Тамган дээр бүдэг ягаан өнгийн Memento тамганы өнгө түрхээд Хаммер цаасан дээр ташуудуулж тамгална.

Дараа нь тод ягаан өнгийг түрхэж өмнөх тамгалсан дүрсний доод хэсэг дээр давхардуулж тамгална. Тамгаа дахин нойтон салфеткаар цэвэрлээд, бүдэг цэнхэр өнгийн тамганы өнгө түрхэж ягаан дүрсний доод хэсэгтэй давхардуулж тамгална.

Ийнхүү үргэлжлүүлэн тамгалахад, давхардуулж тамгалсан өнгөнүүд хоорондоо уусч, цоо шинэ өнгө үүсгэснээр фон маань илүү өнгөлөг болно.

Фоноо тамгалж дуусаад, би маш нарийн тамга авч, цагаан пигментэн суурьтай тамганы өнгө дээр нь түрхээд бага зэргийн зайтай байхаар ташуудуулж тамгалсан.Ингэснээр фон маань илүү баялаг харагдана.

Ингээд бэлэн болсон фоноо та хүсснээрээ карт болгон ашиглах боломжтой. Миний хувьд би шар шувуу болон охины тамгаар товойлгож тамгалаад үүнийгээ Spectrum Noir спиртэн суурьтай маркераар будсан. Мөн картны доод хэсэгт дурсгалын үгээ товойлгож тамгалаад картууд маань бэлэн боллоо.

Давхарлаж тамгалах арга танд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Та энэ аргаар карт хийгээд зургаа бидэнтэй хуваалцаарай.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд