Төрсөн Өдрийн Баярын Мэнд Хүргэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/09/04

Төрсөн өдрийн мэнд хүргэе!

Төрсөн өдрийн мэнд хүргэе… гээд дуулаад эхлэхэд та нарын сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байдаг билээ. Төрсөн өдрийн хамгийн гоё хэсэг нь бэлгээ задлах, бүр гоё нь сэтгэлийн үгээ бичсэн ил захидал эсвэл мэндчилгээний карт юм. Тэгвэл цагийг нь тулгаж дэлгүүр лүү гүйж нэг бэлэн цаас авч байхаар өөрөө маш амархан аргаар хийвэл ямар вэ?

Би өөрөө ч  бас цагийг нь тулгаж хийсэн. Гэхдээ завтай тулдаа хийж амжсан шүү. Яаж хийв? Гэж сонирхож байгаа байх би хуваалцья.

  • Хатуу цаас
  • Цавуу
  • Хайч
  • Хээтэй цаас
  • Тамга
  • Тамганы өнгө
  • Наадаг зураг
  • Нүхлэгч
  • Саатай цавуу
  • Өнгийн цаас

Хамгийн түрүүнд хийх гэж буй картын загварыг гаргана. Юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийд нь дүрслэл гаргах юм.

Дараа нь мэдээж цаасаа сонгоно. Карт хийх гэж байгаа тул суурь цаасаа хийхдээ биетэй хатуу цаас сонгоорой.

Бас нэг анхаарах юм нь өнгө хослуулж эсвэл ууссан өнгө сонгоорой. Учир нь өнгөө зөв сонгох нь картыг гоё харагдуулахад тустай шүү.

Суурь цаасаа нугалахдаа гарны баримжаагаар битгий нугалаарай. Тэгвэл карт чинь далий харагдана. Залхууралгүйгээр шугам харандаа аваад цэгээр тэмдэглэж байгаад тэрнийхээ дагуу нугалаарай.

Cuttlebug хэв зүсэгч машинаар би дугуй дүрсээ гаргасан. Хэрэв таньд ийм машин байхгүй бол санаа зовох хэрэггүй. Гал тогооноос дугуй хэлбэртэй сав суулга олоод харандаагаар хүрээлээд дараа нь хайчилна.

Хэрэв хээтэй эсвэл зурагтай цаас бол хээн дээр биш ар хэсэг дээр тэмдэглэл хийдэг юм шүү. Мартваа!

Хээтэй цаас байхгүй бол тамга ашиглаж болно шүү. Эсвэл пламастераар зурж болно.

Ингээд картаа холбож наагаад хардаа ямар байна? Юм дутаж байна уу?

Заримдаа карт яг нэг зүйл дутаад байгаа мэт харагддаг тээ? Тэгвэл цэцэг навч нүхлээд нэмээд өгөөрэй. Тэгээд цэцэг бүрд маш бага хэмжээний саа яг голыг нь олоод түрхэхэд чимэг оруулж өгдөг шүү.

Ингээд картаа дугтуйнд хийгээд найз дээрээ очдоо. Замдаа яаралгүй, болгоомжтой яваарай.

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд