Төрсөн Өдрийн мэнд Хүргэе

Урлалын нийтлэгдсэн огноо: 2018/07/28

Таны хайртай дотнын хүний төрсөн өдөр болох гэж байгаа юм биш биз? Та өөрийн дизайнаар, сэтгэлийн гүнээс гарах тэрхүү мэдрэмжээрээ карт хийж өгвөл картын эзэн ямар их баярлах бол? Танд хэрэв төрсөн өдрийн картын санаа олдохгүй байвал наашаа тухлан суугаарай. Төрсөн өдрийн мэндчилгээний картыг надтай хамт урлаарай. Энэ удаад бас нэгэн шинэ тамганы техник ашиглаж таны бүтээлч санаанд нэмэр болохыг хүслээ.

Картынхаа эх биеийг хийцгээе.

Хамгийн түрүүнд цаасныхаа эх биеийг бэлдэнэ. А4 цаасаа голоор нь нугална. Hammer цаас нь нугарахдаа хагарч урагддаггүй учраас та ямар нэг багаж хэрэглэлгүй шууд нугалах боломжтой шүү. Дараа нь bazzil нэл ягаан өнгийн цаасыг эх биеээс 0,5см-ээр бага хэмжээтэй зүснэ. Дараа нь хар өнгийн цаасыг нэл ягаан өнгийн цааснаас 0,5см-ээр бага хэмжээтэй зүсээд Herma цавуугаар цааснуудаа давхарлаж наана.

Дараа нь цулгуй цагаан цаасаа Distress oxide тамганы өнгө ашиглан солонгоруулж будна. Будахдаа порлон ашиглан цаасны ирмэгээс авахуулан тойрог хөдөлгөөнөөр будаарай. Энэхүү тамганы өнгө маань устай урвалд oрж жигд будаагүй мэт эффектийг үүсгэдэг. Би илүү гялгар эффекттэй хийхийг хүссэн тул шүрших гэж буй усандаа бага зэрэг Metallic Lustre будаг хийж найруулаад шүршигчээр гадаргууг тэр чигт нь норгож шүршсэн.

Зөвлөмж: Distress тамганы өнгөө усаар урвалд оруулсны дараа цаас нь үрчгэр, жигд бус болсон байвал дахин бага зэрэг норгоод индүүдээрэй. Индүүдэхдээ жигнэлтийн цаас тавьж индүүдвэл цаас наалдаж түлэгдэхгүй шүү.

Тамгаар тоглоё.

Та дахин нэг тамганы техник туршиж үзэхэд бэлэн үү? Энэхүү тамганы техникийг үнсэлцэх техник гэж нэрлэдэг. Яагаад үнсэлцэх техник гэж нэрлэснийг та удахгүй мэдэх болно. Хамгийн түрүүнд 2 тамга бэлдэнэ. Эхнийх нь таны картан дээр тамгалах цулгуй хээтэй тамга. Би картан дээрээ энэхүү навчсыг тамгалахаар шийдлээ. Харин 2 дахь тамга маань ямар ч тамга байж болно. Гэхдээ таны картан дээрээ тамгалах тамгаас том хэмжээтэй байх хэрэгтэй шүү. 2 дахь тамгаа шилэн блок дээрээ хээтэй талаар нь наана. Тэгэхээр бид тамганы ар талыг ашиглана гэсэн үг юм.

Дараа нь навчны дүрстэй тамгаа шилэн блок дээр байрлуулаад хар Distress тамганы өнгийг түрхэнэ. Тэгээд эхний тамганы ар тал дээр тамгалана. Дараа нь тамганы ар дээр тамгалснаа цаасан дээр тамгална. Ингээд та усан дээр буусан мэт дүрсийг 2 тамганы тусламжтай тамгалж чадлаа. Үнсэлцэх техникийг ашиглан навчаа 3 удаа тамгална.

Дараа нь тамгалсан цаасаа эргүүлээд навчны дүрсээ хоёрдогч тамга ашиглахгүй шууд тод тамгална. 3 удаа тамгалах бөгөөд тамгалах бүрдээ тамганы өнгөө түрхэхээ бүү мартаарай.

Одоо газар ус хоёрыг ялгах үлдлээ. Яаж ялгах вэ гэж үү? Бичгийн цаасыг голоор нь нугалаад хар өнгийн Distress тамганы өнгө дээрээ цаасны ирмэг хэсгээр гүйлгээд дараа нь тамгалсан цаасан дээрээ нарийн зураас гаргаж газрыг зурна. Мөн усан дээрхи сүүдрийг хийхдээ бүдэг тамгалагдсан хэсэг дээр энд тэнд нарийн зурна.

Одоо картан дээр маань үг дутуу байна. Тэгэхээр хар өнгийн цаасаа Cuttlebug машинаар хээтэй зүсэж авна. Цаасаа хэвнээс салгахаас өмнө товойлгогч багажаар зүсэгч хэвийн ар талыг ашиглан дүрсээ товойлгоорой. Дараа нь зүсэж авсан цаасан дээрээ Brilliance тамганы өнгөөр үгээ тамгална. Яагаад заавал Versacolor тамганы өнгийг ашиглаж байгаа вэ гэвэл энэхүү тамганы өнгө маань бараан гадаргуу дээр ч өнгөөрөө гардаг юм.

Үгээ илүү тодруулахын тулд дүрснийхээ ирмэг хэсгийг Distress Oxide тамганы өнгөөр будаж өвөрмөц эффект үүсгэлээ. Distress Oxide тамганы өнгө мөн бараан гадаргуу дээр өнгөөрөө гардаг учраас та ямарч бараан гадаргууг хүссэн өнгөндөө оруулах боломжтой. Бэлэн болсон үгээ 2 талтай хөвөн цавуу ашиглан картаас хөндийрүүлж наана.

Ингээд та сэтгэлээ шингээж урласан мэндчилгээний картан дээрээ сэтгэлийн үгээ бичиж хайртай дотнын хүндээ бэлэглээрэй.

Холбоотой бүтээгдэхүүн

Танд сонирхуулах өөр урлал