Уламжлалт Хээг Түлдэг Үзгээр

Урлалын нийтлэгдсэн огноо: 2017/07/08

Та зөвхөн байгаль л бүтээж чадах тийм өнгийг гаргахыг хүсч байна уу? Тэгвэл таны хүслийг биелүүлж болох Creative Versa-Tool буюу түлдэг багажийг танд танилцуулъя. Энэ багаж 10 төрлийн хошуутай мөн халууныг нь тохируулж олон зүйл дээр хэрэглэж болох боловч модон дээр хэрэглэхэд үнэхээр урамтай санагдлаа. Миний анхны туршилт чухам тийм мэдрэмжийг надад төрүүлсэн бөгөөд Монгол үндэсний хээ угалз ашиглан өөрийн зурсан зургийг модон дээр буулгасан бүтээл дээрээ энэ бүхнийг тайлбарлахыг оролдоё.

  • Түлдэг үзэг
  • Модон гамбанз
  • Хортой цаас
  • Харандаа
  • Шугам

Юуны өмнө зургаа цаасан дээр зурж үзнэ. Би энд монгол хээ угалз ашиглахыг хүссэн боловч хэмжээний хувьд хооронд нь нийцүүлэхийн тулд олон дахин зурж арилгасан ба мод болон загасыг санаанаасаа зохиосон тул танд ялихгүй сонин санагдаж болох юм.

Зургаа хордуулдаг цаас ашиглан модон дээрээ буулгаж болох юм. Эсвэл харж байгаад зурж ч болно.

Түлдэг үзэг нь янз бүрийн хошуутай бөгөөд үүлэн хээ, усан хээ, загасан хээг зурахдаа дугуй дүрс гаргагч хошууг хэрэглэсэн.

Харин уул болон зургийн хүрээ зэргийг хийхдээ шулуун зураас гаргадаг хошуу хэрэглэх нь зохистой юм.

Зурсан зураг минь арай л жижигдсэн тул хүрээ гаргахаар шийдлээ. Ингэхдээ мөн л үндэсний хээг сонгон авч харандаа шугам ашиглан зурлаа.

Модны дүрсийг мохоо үзүүртэй хошуу ашиглан зурсан бөгөөд энэ хошууг нилэнхүйд нь шаргал болгох зорилгоор үүл болон уулан хээний дотор талаар хөнгөн түлж өгсөн байгаа. Харин загасан хээ болон уулан хээний тод хэсгийг арай илүү дарж байж гаргалаа.

Энэ мэтчилэн та өөрийн хүссэн хээ угалзыг гарган урлал хийх боломжтой юм. Түлдэг үзгээр урлал хийхэд маш урамтай бөгөөд таныг ч бас сайхан зүйл хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна.

Анхааруулга: Түлдэг үзэгний хошууг багажыг бүрэн хөрсний дараа солиорой.

Бүх сэтгэгдлийг үзэх

Танд сонирхуулах өөр бараа

Холбоотой урлалууд